Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх арга хэлбэр улам нарийсч байна гэв
Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна.
Мэдээллийн алба

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Он гарснаас хойш цагдаагийн байгууллага мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой 222 үйлдэл бүхий 179 хүнд холбогдох 76 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн Сайдын ээлжит шуурхай хуралдаанаар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Тодруулбал, ХЗДХ-ийн Сайдын шуурхай хуралдаанаар Монгол Улс дахь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Манай улсын хувьд 1990 онд НҮБ-ын Мансууруулах эмийн тухай" конвенцид , 1999 онд "Сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцид, 2001 онд "Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцид, 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг" конвенцид тус тус нэгдэн орсон. Мөн 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196-р зүйлд зааснаар хар тамхи , мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг зүйлчлэн шалгаж байна. 2011 онд Малайз, Бангладеш, Непал, Энэтхэг, Тайланд, Мянмар, Лаос зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хар тамхи, мансууруулах бодисыг манай улсаар дамжуулан БНХАУ руу гаргаж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлж энэ урсгалыг таслан зогсоосон байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-аас ихэвчлэн синтетик төрлийн бодис, мөс, кокайн, экстази, ЛСД зэрэг бодисууд бага хэмжээгээр, ОХУ-аас сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар нийлүүлэгдэж байна. Тоо мэдээнээс үзэхэд манай улсын иргэд 2006 оноос хойшхи байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзд 5, Унгарт 3, Бангладешт 3, Грект 1, Болгарт 1, Словак улсад 1 гээд нийт 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял шийтгүүлжээ. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр хэрэгт холбогдсон иргэдээс торгуулийн ял шийтгэгдсэн 6, баривчлах ял шийтгэгдсэн 10, нас барсан 2, тодорхой хугацаатайгаар хорих ял шийтгэгдсэн 42, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн 5, цаазын ял шийтгэгдсэн 7 иргэн байна. Харин он гарснаас хойш гадаадад манай 9 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. 2010 оныг хүртэл байгалийн гаралтай хогийн олсны ургамал каннабисын төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ ихэсч байгаа нь сэтгэл түгшээж байна. Энэ хэрэгт нийгмийн бүхий л давхаргын хүмүүс хамрагдаж, хэргийн гаралт, холбогдогчдын тоо нэмэгдэж, нас залуужиж байгаад анхаарал хандуулж яаралтай арга хэмжээ авах цаг болсныг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 19-25 насны залуус зонхилж байгаа нь санаа зовоож байгаа юм. 2006 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 6 хэрэг гарч байсан бол энэ оны зөвхөн эхний 10 сарын байдлаар 222 үйлдэлтэй, 179 холбогдогчтой 76 гэмт хэрэг гарсныг Цагдаагийн байгууллага анхаарууллаа.
Үүнээс гадна сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга хэлбэр улам нарийсч олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж халхавчлан бусдад дайх хэлбэрт шилжсэн байна. Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг иргэдийн өргөдөл гомдлоор бүртгэгддэггүй, нууц далд аргаар үйлдэгддэг, урт удаан хугацааны гүйцэтгэх ажиллагааны үр дүнд илэрдэг учраас цагдаа, хил, шүүхийн шинжилгээ, гааль гээд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог илүү ойртуулах шаардлага байгааг онцоллоо.
Эх сурвалж: ХЗДХЯ


















