Марион Бартоли талбайдаа эргэн гарна
2013 онд Уимблдонд аваргалсны дараа тэрбээр зодог тайлах шийдвэр гаргаж, түүнээсээ хойш телевизэд тайлбарлагчаар ажиллаж байсан юм.
Мэдээллийн алба

2013 оны Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга Марион Бартоли дөрвөн жил теннисийн спортоос хөндийрсөн ч WTA-ын цувралд тоглохоо мэдэгдлээ.
Тэрбээр “Би дараа жилээс эхлэн WTA-ын мэргэжлийн тамирчдын цуврал тэмцээнд, танил хүрээлэлдээ эргэн ирж байгаагаа баяртайгаар мэдэгдэж байна. Би талбай дээр та бүхний сэтгэлийг хөдөлгөсөн өрсөлдөөнийг үзүүлж, гайхалтай хором мөч бүрийг хуваалцахыг зорих болно” хэмээн твиттэртээ жиргэжээ.
2013 онд Уимблдонд аваргалсны дараа тэрбээр зодог тайлах шийдвэр гаргаж, түүнээсээ хойш телевизэд тайлбарлагчаар ажиллаж байсан юм.
Замналынхаа турш нийт WTA-ын цуврал тэмцээнд найман түрүү авч, 2012 онд WTA-ын чансаанд долдугаар байранд эрэмбэлэгдэж байсан билээ.
Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчид зарим тэмцээнд оролцохын тулд цагаан хуудас хэрэгтэй. Иймд тэр дэлхийн чансааны оноог цуглуулах шаардлагатай болоод байна.


















