Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“MNB.mn” төслийн удирдагч, “ММ” агентлагийн захирал С.БАТЗАЯА: Цэгцэрсэн мэдээллийн зах зээлд бид өрсөлдөнө

МҮОНРТ өөрийн гэсэн өдөр тутмын мэдээ мэдээллийн цахим хуудастай болж, бүл нэмлээ. Энэхүү төслийн удирдагч, “ММ агентлаг”-ийн захирал С.Батзаяагийн сэтгэгдлийг уншигч танд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“MNB.mn” төслийн удирдагч, “ММ” агентлагийн захирал С.БАТЗАЯА: Цэгцэрсэн мэдээллийн зах зээлд бид өрсөлдөнө
“MNB.mn” төслийн удирдагч, “ММ” агентлагийн захирал С.БАТЗАЯА: Цэгцэрсэн мэдээллийн зах зээлд бид өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ өөрийн гэсэн өдөр тутмын мэдээ мэдээллийн цахим хуудастай болж, бүл нэмлээ. Энэхүү төслийн удирдагч, “ММ агентлаг”-ийн захирал С.Батзаяагийн сэтгэгдлийг уншигч танд хүргэж байна.
-Өдрийн мэнд, МҮОНРТ өөрийн гэсэн mnb.mn цахим хуудастай боллоо, шинэхэн сайтаар бүл нэмлээ. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг цогц байдлаар хүргэдэг нь дэлхийн нийтийн жишиг юм. Бид телевизтэй, радиотой байсан бол өнөөдрөөс эхлэн цахим мэдээллийн хэрэгслээр мэдээллийг хүргэж эхэлж байна. Бидний амьдарч байгаа нийгмийн цаг үе нь өөрөө ийм хэлбэр, хэрэгцээ шаардлага руу хөтөлж байна. Өөрөөр хэлбэл гар утас болон технологийн дэвшлийг агуулсан (ipad, notebook, iphonе) хэрэгсэл дээрээсээ мэдээллийг авдаг болсон байна. Ийм цаг үед МҮОНРТ өөрөө иргэдийн мэдээлэл хүртдэг тэрхүү хэрэгцээ шаардлагаас хоцорч явж болохгүй. Тиймээс МҮОНРТ мэдээллийн зах зээлд өрсөлдөхүйц цахим мэдээллийн хуудастай болж байна. Үүнийг хүмүүс байгууллагын вэб сайттай андуурч болохгүй. Энэ бол цэвэр мэдээллийн вэб сайт байх юм. Ингэснээр нийгмийн хамрах хүрээ өргөжиж байна. Учир нь өглөө, орой “Цагийн Хүрд”-ийг тааруулж үзэж амждаггүй тэрхүү зорилтот бүлэгт хандсанаар өөрсдийнхөө уншигч, сонсогч, үзэгчдийн тоог өргөжүүлж байна гэж ойлгож байгаа.

-Өнөөдөр монголын мэдээллийн зах зээлд төрөлжсөн 300 гаруй цахим хуудас ажиллаж байна. Түүнээс цөөн тооны цахим хуудас зөвхөн өдөр тутмын мэдээ мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж байна. Эдгээр олон төрөлжсөн сайтуудаас mnb.mn юугаараа ялгарч чадна гэж харж байна вэ?
-Тооны олноос бид нар айхгүй байна. Тоо олон байна гэдэг нь бид өрсөлдөж чадахгүй, зах зээл байхгүй гэсэн үг биш. Харин ч мэргэжлийн байна уу, үгүй юу гэдэг нь зах зээл байна уу үгүй юу гэдгийг тодорхойлдог юм. Өөрөөр хэлбэл таны хэлээд байгаа тэдгээр 300 гаруй сайтууд дотор аль вэбсайт нь мэргэжлийн мэдээллийн сайт байж чадаж байна вэ, аль нь чадахгүй байгаа юм бэ гээд шүүгээд үзэх юм бол нэлээд их цэгцрээд ирэх юм. Тэр цэгцэрсэн мэдээллийн зах зээл дээр бид нар өрсөлдөнө, тоглолт хийж чадах юм.

-Тэгэхээр mnb.mn сайтын хэрэглэгч, зорилтот бүлэг нь хэн байна гэж та бүхэн харж байгаа юм?
-Бүх олон нийт маань байх юм. MNB гэдэг чинь өөрөө олон нийтийн радио, телевиз юм. Тийм учраас MNB-ийн нэрийн доор явж байгаа mnb.mn сайт ч олон нийтийн цахим хуудас байх ёстой.

-Эцэст нь манай уншигчдад хандаад юу гэж хэлэх вэ?
-Шинээр mnb.mn сайт уншигч, хэрэглэгч нарт хүрлээ, нээлтээ энэ мөчөөс хийж эхэллээ. Бид цаашид байгууллагын вэбсайт байхаа больж, мэдээ мэдээллийн сайт боллоо. Зах хязгааргүй мэдээллийг хэрэгтэй хүнд нь, олон нийтэд зориулагдсан мэргэжлийн хүрээнд хүргэнэ. ММ агентлаг өнөөдрийн хүртэл баталгаатай, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэж ирсэн шиг mnb.mn сайт ч мөн адил тийм жишиг уламжлалаар ажиллах болно. Үүний ч төлөө бид ажиллана. Тиймээс уншигч,үзэгч, сонсогч та бүхэн mnb.mn сайтаас мэдээллээ авч байгаарай гэж хэлмээр байна.



Хуваалцах