Монгол охин Азийн сурагчдын шатрын аваргаас мөнгөн медаль хүртлээ
Таван настай Э.Одмаа охин өнгөрөгч сарын 23-29-нд Тайвань улсад зохион байгуулагдсан Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.
Мэдээллийн алба

Таван настай Э.Одмаа охин өнгөрөгч сарын 23-29-нд Тайвань улсад зохион байгуулагдсан Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Азийн 17 орны хүүхдүүдтэй өрсөлдөж ирэх 11 дүгээр сард Бразилд зохион байгуулагдах Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх өвөртөлсөн байна. Өнгөрсөн тэмцээнд тэрбээр таван насны ангилалд өрсөлдөх ёстой байсан ч оролцогчдын тоо хүрээгүй гэх шалтгаанаар 5-7 настнуудтай өрсөлдсөн аж. Охины ээж н.Ариунаа “Монголын баг тамирчид Азийн сурагчдын шатрын аваргын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Одмаагийн хувьд үеийнхэнтэйгээ өрсөлдсөн бол алтан медаль хүртэх боломж маш их байсан. Тэгэхдээ энэ амжилтыг чамлаж болохгүй. Бид ирэх тэмцээндээ одооноос эхлээд бэлдэж байна. Гэхдээ санхүүгийн бага зэрэг асуудалтай тулгарч байгаа” гэв.
Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг Арабын Имират улсын тамирчин, хүрэл медалийг Казахстан улсын оролцогчид тус тус хүртжээ.




















