Монгол Улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд эвлэлдэн нэгдэх уриалга гаргажээ
Энэ уриалга нь бөхчүүдийн дуу хоолойг олон нийтийн сонорт хүргэж маргалдагч талуудын аль нэгийг албан ёсны холбоо болох талаар шийдвэр гаргаж чадахгүй байгаа хууль шүүхийнхэнд шаардлага хүргүүлэх зорилготой юм байна.
Мэдээллийн алба

Үндэсний бөхөд бий болоод удаж байгаа маргааны улмаас Монгол бөхийн өргөөнд болдог барилдаанууд цуцлагдаж, бөхчүүдийн бэлтгэлжилт төдийгүй бөх сонирхогч, үзэгчдийн эрх ашгийг хохироож буй хэмээн үзсэний учир хэсэг бөхчүүд уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцон бөхчүүдийг нийтээрээ эвлэлдэн нэгдэх уриалга гаргахаар болжээ.
Энэ уриалга нь бөхчүүдийн дуу хоолойг олон нийтийн сонорт хүргэж маргалдагч талуудын аль нэгийг албан ёсны холбоо болох талаар шийдвэр гаргаж чадахгүй байгаа хууль шүүхийнхэнд шаардлага хүргүүлэх зорилготой юм байна. Учир нь шүүхийнхэн асуудлыг хуулийн дагуу шийдэхийн оронд Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авах төдийгөөр ажиллаж байна гэж бөхчүүд ярьж байгаа юм.
“Бөхчүүд хагаралдах биш эвлэлдэн нэгдье” гэсэн уриалгад Монгол Улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын харцага Б.Одгэрэл, Н.Батзаяа, улсын начин Д.Цогзолдорж, А.Алтанхуяг, аймгийн арслан Д.Тогтох-Жаргал, П.Өсөхбаатар нарын зэрэг 30 гаруй бөх нэгдээд байна.


















