Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголчууд тусгаар тогтнолоо санал нэгтэйгээр баталгаажуулсан өдөр

Манай улс өөрийн тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн гадаад бодлогуудыг эрчимтэй явуулж байсан үе бол хүйтэн дайны эхэн үе буюу 1940-өөд оны дунд үе байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Монголчууд тусгаар тогтнолоо санал нэгтэйгээр баталгаажуулсан өдөр
Монголчууд тусгаар тогтнолоо санал нэгтэйгээр баталгаажуулсан өдөр. Зураг: МҮОНРТ

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал асуулга явуулсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. XX зууны дунд үед монголчуудын түүхэнд үнэлж баршгүй их чухал байр суурь эзэлсэн нэгэн үйл явдал бол энэхүү тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт байлаа. Тухайн үед хамгийн чухал нь хөрш орон болох Дундад Иргэн улсын Засгийн газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага БНМАУ-ын өмнө тулгараад байв.

Энэ л үед манай тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсад 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр явуулсан байна.

Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.

Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.

Ингээд 1945 оны 10 дугаар сарын 20-нд санал хураалт эхлэхэд Дундад Иргэн улсын Засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй хүмүүс ирэн ажиглалт хийсэн байна. Санал хураалт тухайн өдрөө бүрэн дуусч, санал хураах төв комисс 1945 оны аравдугаар сарын 30-нд протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад Иргэн улсын Засгийн газарт хүргүүлжээ.

Ийнхүү санал хураах төв ба орон нутгийн комисс зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 11 дүгээр сарын 12-ны 100 дугаар тогтоолоор татан буулгасан байна.

Энэхүү ажлын үр дүнд 1946 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хятадын Гадаад Яамнаас маршал Х.Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм.

Уг нот бичигт “Хятадын 1934 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.

Ийнхүү Монголын ард түмэн өөрсдийн асар их хүчин чармайлтын үр дүнд Хятад улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Энэхүү улсынхаа тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтад сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98.5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “Зөвшөөрөв” хэмээн саналаа өгч, татгалзсан хариу нэг ч гараагүй байна.

д/д Аймаг, хот Санал өгсөн хүний тоо Гарын үсэг зурсан буюу бичиг үсэгтэй хүний эзлэх хувь 1 Архангай 35587 43,3 2 Баянхонгор 24117 35,1 3 Баян-Өлгий 17438 38,0 4 Булган 21857 71,8 5 Говь-Алтай 19820 35,0 6 Дундговь 15485 51,2 7 Дорноговь 12868 49,6 8 Сэлэнгэ 11979 45,5 9 Сүхбаатар 17370 53,5 10 Хэнтий 22664 53,1 11 Хөвсгөл 36304 44,5 12 Ховд 21848 32,5 13 Увс 25788 28,4 14 Өмнөговь 12303 45,0 15 Өвөрхангай 30134 23,9 16 Завхан 35651 32,8 17 Төв 36425 97,6 18 Чойбалсан 19781 56,4 19 Улаанбаатар 24846 91,7 20 Цэргийн албан хаагч 35608 99,2 21 Дотоод явдлын яаманд 9141 98,9 22 ЗХУ-д амьдарч, сурч байсан 395 100 Дунджаар нийт хүмүүсийн 53,7 % нь бичиг мэддэг байжээ.

Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1.5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтад оролцоогүй юм. Мөн зарим нэг сонирхол татахуйц баримтуудаас энд дурдъя. Тухайлбал, Ховд аймагт гадаадын харьяат гэх нэрийн дор нийт 347 хүн саналаа өгсөн бөгөөд энд голцуу өвөрмонгол, цөөн тооны хятад, орос иргэд байгаа нь тун сонирхолтой юм.

Эдгээр хүмүүсээс ердөө л 29 хүн монгол бичгээр гарын үсгээ зурж, хоёр хүн хятадаар зурж, 3 хүн хятад бичиг бүхий гарын тэмдэг /хувийн тамга гэж ойлгож болно/ тавьжээ.

Бичиг үсэг мэдэхгүй 313 хүн санал өгөх зааварт тусгагдсаны дагуу баруун гарын эрхий хурууныхаа хээг даржээ. Түүнчлэн тухайн үед Булган аймгийн нутаг дахь “Булганы баруун хойд засан хүмүүжүүлэх газар”-т ял эдлэж байсан 52 хүн саналаа өгчээ. Эдгээрээс 2 нь бичиг үсэгт тайлагдаагүй, бусад хүмүүжигчид нь монгол бичгээр болон тухайн үед дөнгөж шилжиж байсан кирилл бичгээр гарын үсгээ зурсан байгаа нь нэн сонирхолтой баримт юм.Энэхүү түүхэн санал хураалтын баримт өдгөө Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагддаг ба нийт 385 ширхэг баримт байна. Үүнээс гадна тус санал хураалтад зориулан гаргасан зурагт хуудас буюу плакатыг хэвлэн гаргаж байсан нь цөөн тоогоор хадгалагдан үлджээ. Эдгээр зурагт хуудсан дээр юу гэж бичсэн тухай жишээ болгон нэг зурагт хуудсын бичвэрийг сийрүүлье.

Үүнд: “Би. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат мөн.

Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харьяат эх орны тусгаар тогтнолын төлөө батлана” гэжээ.

Эл бичгийн цаад дэвсгэрт Монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зуржээ.

Гэрэл зургуудыг Архивын Ерөнхий газрын цахим хуудаснаас авч ашиглав.

Хуваалцах