Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголчуудын морин уралдаан нь үндэсний спортын нэгэн төрөл

Аливаа улс үндэстний нийгэм, соёл, аж байдлын дурсгалын үйлийг тэмдэглэн өнгөрүүлэх их ёслол нь тухайн ард түмний баяр наадам болдог билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Монголчуудын морин уралдаан нь үндэсний спортын нэгэн төрөл
Монголчуудын морин уралдаан нь үндэсний спортын нэгэн төрөл. Зураг: МҮОНРТ

Аливаа улс үндэстний нийгэм, соёл, аж байдлын дурсгалын үйлийг тэмдэглэн өнгөрүүлэх их ёслол нь тухайн ард түмний баяр наадам болдог билээ. Манай ард түмэн дэлхийн бусад үндэстний адил өөрсдийн нийгэм, соёл, ахуй амьдралын онцлогийг тусгасан баяр наадмыг үүсгэн хөгжүүлсээр ирсний нэг тод жишээ нь “Эрийн гурван наадам” юм. Монголчуудын эрийн гурван наадмын нэг төрөл нь хурдан морины уралдаан. Эрт дээр үеэс сайн морь, хурдан хүлгийн шинжийг мэдэх, морь уяж сойх арга ухааныг бүрдүүлэн хурдан морь уралдуулах Монголын ард түмний баярыг бий болгожээ. Хурдан морины уралдаан бол монгол өв соёлын нэг бөгөөд хурдан морийг бага насны хүүхэд унаж уралдах нь монгол үндэсний уламжлалт зан үйл юм.

Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байсан. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан юм. Монголчуудын гэрийн хүмүүжлийн гол арга нь хөдөлмөр. Жилийн дөрвөн улиралд мал аж ахуйгаа адгуулан маллах ухаанд бага балчир гэж ялгаварлахгүйгээр насанд тохирсон хөдөлмөрт оролцуулдаг байсан монгол ахуйтай ард түмэн билээ. Монгол хүүхэд 3-4 настайдаа морины нуруун дээр гарч, 5-6 настайдаа морь унаж бүрэн сураад, 7-8 настайдаа хурдан морь унаж уралддаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, ийм балчир наснаасаа бие нь чангарч, оюун ухаан нь хөгжиж, бие бялдрын болон эр зоригийн хүмүүжил нь төлөвшдөг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын манлай уяач Данзаннямын Даваахүүгийн “Хүлэгчийн нууц” номд “1961 оны 7 дугаар сарын 11-ний өдөр их насны морьд алдар цуут Адис авахуйн \хожим Айдас гэх болжээ\ давааг даван хурдалж буй тэр үед 11 настай жаахан хүү өөрийнхөө Зээрд морийг унаж олон хүлгийн тоосон дунд уралдаж явахдаа хожмын амьдралын хувь зохиол минь энэ их уралдааны замтай холбогдохыг яахан мэдэх билээ. Би 5 настайгаасаа эхлэн хурдан морь унаж моринд хүндэдсэн цагаасаа эхлэн уяаны ажилд зүтгэж морь уях дөртэй болсон” гэж өгүүлжээ.
Монголын тулгар төрт улс, Монголын өвөг болох Хүннү улс байгуулагдсаны 2220 жилийг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 онд гарч байсан. Монголчууд төрт ёсны их баяр наадмыг тэмдэглэж, хурдан морь уралдуулж, түүнийг бага насны хүүхэд унаж уралддаг байсан түүхийн тод баримтын нэг бол Хүннү улс байгуулагдсаны 2220 жил юм.

АНУ-ын Калифорни мужийн морин уралдааны зөвлөлийн төлөөлөгч морь унагчийн тухай танилцуулахдаа : ...”цэвэр цусны англи адуу 550 орчим кг жинтэй байдаг. Тийм учраас морь унагч нь эмээлтэй 55-57 кг жинтэй буюу тухайн морины 10 хувьтай тэнцэх жинтэй байх шаардлагыг хуулиар зохицуулдаг” гэж дурдсан байдаг.
Монголын үндэсний хурдан морины уралдаанд уралддаг морь нь наадам, уралдааны үед уягдаж, сойгдоод 250-300 кг орчим жинтэй болдог. Хурдан морь унадаг хүүхдийн дундаж жин 20-35 кг байдаг. Үүнээс илүү жинтэй хүүхдийг моринд томдлоо гэж үздэг бөгөөд тухайн морины жингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний жинтэй хүн морь унаж уралддагийг монголчууд 2000, зарим судлаач 5000 жил ч гэж тэмдэглэсэн байдаг. Ингэхээр хурдан морийг хүүхэд унах нь уламжлал гэдгийг дээрх жишээ харуулж байна.

Монголын нэгдсэн улс байгуулагдсан ХIII зууны үеэс эрийн гурван наадам, тэр дундаас хурдан морины уралдаан нь өргөн дэлгэр болж, он цагийн түүхэнд Монголчууд Халхын долоон хошуу наадам, Ардын Засгийн наадам, 1921 онд Ардын хувьсгал ялж цэргийн наадам, 1924 оноос Ардын хувьсгалын наадам, 2003 оноос Үндэсний их баяр наадмыг тэмдэглэж ирсэн түүхтэй.
2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэхүү хууль батлагдсанаар улс орон даяар Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон эрх зүйн харилцааг зохицуулсан. Энэхүү хуульд хурдан морины хүүхдийн насыг заахдаа монгол хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйн төлөвшлийн онцлогийг улс орон даяар зохион байгуулсан судалгаа болон монгол үндэсний өвөрмөц уламжлалыг харгалзан үзсэн болно.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 8 дугаар зүйлийн 8.2-т Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна гэж хурдан морины хүүхдийн насыг хуульчилсан юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дүнжингарав” хаврын төвийн бүсийн уралдааны сүүлийн хоёр жилийн уралдаанч хүүхдийн насны ангиллын 85 хувь нь 7-11 насны хүүхдүүд байна. Үүнээс үзэхэд монгол хүүхэд, морь хоёр салшгүй холбоотой бөгөөд энд монгол ахуй, монгол уламжлал нь шингэсэн байдаг.
Дэлхийн аль ч улс оронд хүүхдийг 5-6 насанд нь спортын төрлүүдээр хичээллүүлж эхэлдэг. Монголчуудын морин уралдаан нь үндэсний спортын нэгэн төрөл. Тийм болохоор хурдан морины хүүхдүүд бол үндэсний спортоор хичээллэж байгаа тамирчид юм. Тэр тусмаа хөдөө мал маллаж, өсөж торнисон хүүхэд хурдан морь унаж уралдахыг үнэн сэтгэлээсээ хүсдэг билээ.

Хурдан морийг сайн унаж, наадамчин түмнээ баясгадаг хурдан морины хүүхдийг үндэсний спортоор хичээллэдэг тамирчин хүүхэд гэдгээр Монгол Улсын спортын цол зэргийн нэгдсэн ангилалд оруулж, спортын цол олгох ажлыг 2009 онд Монголын Морин Спорт Уяачдын холбооноос санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газартай хамтран журам гаргасан. Уг журмаар:
- Монгол Улсын Шилдэг унаач хүүхдээр-2 удаа шалгарвал Спортын дэд мастер
- Монгол Улсын Шилдэг унаач хүүхдээр-3 удаа шалгарвал Спортын мастер цолыг авч байхаар тогтоосон. Журам хэрэгжиж эхэлснээс хойш 6 жилийн хугацаанд 2015 оны байдлаар 30-аад хүүхэд Спортын дэд мастер, 20-иод хүүхэд Спортын мастер цолны болзлыг биелүүлсэн байна. Үүнээс харахад хурдан морины хүүхдүүдийн амжилтыг зүй ёсоор үнэлснийг дээрх жишээ харуулж байна.

Д.Оюунчимэг

Хуваалцах