Монголын бадминтоны дасгалжуулагчид олон улсад багшлах эрхтэй болно
хамгийн өндөр оноо авсан найман дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лицензтэй болох юм байна.
Мэдээллийн алба

ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн бадминтоны холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчдын мэдлэг, чадварыг нэмэх үндэсний семинар Улаанбаатар хотноо долоо хоногийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.
Уг сургалт семинарыг Азийн бадминтоны холбооны хөгжил хариуцсан захирал, сургагч багш, Малайз улсын мэргэжилтэн Самбентан Сиваперумал удирдан явуулсан бөгөөд зургаан аймаг, дөрвөн дүүрэг болон пара бадминтоны холбооны төлөөлөл 24 дасгалжуулагч хамрагджээ.
Онол, практик хосолсон сургалтын сүүлийн хоёр хоногт оролцогчдоос ур чадвар болон мэдлэгийн шалгалт авсан бөгөөд тэднээс хамгийн өндөр оноо авсан найман дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лицензтэй болох юм байна.
Сонирхуулахад, өмнө нь Монголын бадминтоны таван дасгалжуулагч олон улсад багшлах эрхийн лиценз авчээ.


















