Монголын хоёр бөх алтан медалийн төлөө барилдана
Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн дөрвөн жингийн барилдаан явагдсан бөгөөд Монголын хоёр бөх аваргын төлөө хүч үзэхээр шалгарлаа.
Мэдээллийн алба

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн дөрвөн жингийн барилдаан явагдсан бөгөөд Монголын хоёр бөх аваргын төлөө хүч үзэхээр шалгарлаа.
Эмэгтэй бөхийн 50 кг-д Д.Отгонжаргал Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Ж.Иммаеваг цэвэр, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Румыний А.Вукийг мөн цэвэр, хагас шигшээд дэлхийн аваргын хошой мөнгө, олимпын хүрэл медальт Америкийн С.Хилдебрандтыг 6:2-оор ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Түүнийг финалд Японы бөх, олимп, дэлхийн аварга Ю.Сүсаки хүлээж байна.
Д.Отгонжаргалын хувьд өнгөрсөн жил Ослогийн ДАШТ-ээс 20 насандаа хүрэл медаль хүртэж, МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмын шилдэг залуу тамирчны шагналыг хүртэж байв.
Түүнчлэн ДАШТ-д анх удаа зодоглож буй залуу тамирчин Б.Хулан учраа бүрээ буулгаж авсаар шигшээд шалгараад байна. Тэрбээр эхлээд дэлхийн аваргын хүрэл медальт энэтхэг бөх В.Погатыг 7:0-ээр, дараа нь дэлхийн мөнгө, хүрэл медальт Казахстаны Ж.Эшимоваг 3:0, Азербайжаны Л.Гурбановаг 4:1-ээр, хагас шигшээд Европын аварга швед бөх Й.Малгренийг цэвэр дарснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болов. Тэрбээр аваргын төлөө Америкийн Д.Пэрриштэй барилдана.
Гэрэл зургийн эх сурвалж: Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/


















