Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “F” хэсэгт хүч үзнэ
Монголын шигшээ эхний тоглолтоо ирэх есдүгээр сарын 5-нд Мьянмартай, 10-нд Киргизстантай өөрийн нутагтаа тоглоно
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн 2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод боллоо.
ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатанд анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг дэлхийн аваргын арвин туршлагатай Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтав. Тус хэсэгт орсноор манай баг “Цэнхэр самуурайнууд”-аас гадна Киргиз, Мьянмар болон Тажикстаны шигшээтэй хүч үзнэ.
Монголын шигшээ баг урьд өмнө Японы багтай 1993, 1997 онд тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээж, хоёрдугаар шатны эрх авч чадаагүй.
Мөн Киргизийн багтай 2017 онд “Цунами цом” хэмээх олон улсын тэмцээн таарч тоглохдоо 4:1-ээр хожигдож байсан.
Сонирхуулахад, Монголын шигшээ эхний тоглолтоо ирэх есдүгээр сарын 5-нд Мьянмартай, 10-нд Киргизстантай өөрийн нутагтаа тоглоно.


















