Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийв
Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдааны энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мэдээллийн алба

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж 2016 оны мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдааны энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасны зэрэгцээ зарим саналыг өөрчлөн найруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг анхаарч тусгаснаа танилцуулгадаа дурдав. Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, энэ хүрээнд бодлогын чанартай зарим тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ. Харин уг тогтоолын хавсралтаар батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэхээр заасан байна.


















