Н.Эрхэмбаяр бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, алтан медаль хүртжээ
Өдгөө 19 настай Н.Эрхэмбаяр дифийн ДАШТ-ээс ийнхүү өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээв.
Мэдээллийн алба

ОХУ-ын Владимир хотын “Ice Palace Polaris” спортын ордонд энэ сарын 12-18-нд сонсголын бэрхшээлтэй иргэд буюу дифийн бөхийн төрлүүдийн ДАШТ боллоо.
Сүүлийн өдөр чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-ын жинд “Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний тамирчин Н.Эрхэмбаяр дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, алтан медаль хүртжээ.
Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялсан юм.
Өдгөө 19 настай Н.Эрхэмбаяр дифийн ДАШТ-ээс ийнхүү өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээв.


















