Нафиссатоу Тиам 7 төрөлтийн олимп, дэлхийн аварга боллоо
Эмэгтэйчүүдийн 7 төрөлтийн тэмцээнд энэ өдөр Риогийн олимпийн наадмын энэ төрлийн аварга, Бельгийн шилдэг залуу тамирчин Нафиссатоу Тиам тэргүүлэх амжилтыг үзүүлжээ.
Мэдээллийн алба

Хөнгөн атлетикийн 2017 ДАШТ Английн Лондон хотноо 3 дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ жилийн ДАШТ-д 5 тивийн 203 орноос 2038 тамирчин оролцож байгаа юм. Одоо та бүхэндээ тэмцээний 3 өдөр болсон онцлох уралдаан тэмцээнүүдийг тоймлон хүргэе.
Дэлхийн аваргын тэмцээний 3 дахь өдрийн тэмцээн уралдаануудын эхэнд эрэгэтэйчүүдийн 100 метрийн зайн медалийн эздэд шагналыг гардуулсан байна. Энэ ДАШТ-д оролцсоныхоо дараа зодог тайлах болсоноо мэдэгдээд байгаа Ямайкын алдарт тамирчин, дэлхийн хамгийн хурдан хүн хэмээгддэг Усайн Болт энэ удаад 3-р байрт орж, анх удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Түүний хувьд одоо 4х100 метрийн буухиа уралдаанд өрсөлдөх юм.
Эмэгтэйчүүдийн 7 төрөлтийн тэмцээнд энэ өдөр Риогийн олимпийн наадмын энэ төрлийн аварга, Бельгийн шилдэг залуу тамирчин Нафиссатоу Тиам тэргүүлэх амжилтыг үзүүлжээ. 20 настай Тиам энэ өдөр уртын харайлтын төрөлдөө 6.57 метр харайжээ. Харин сүүлийн буюу 7 дахь төрөл болох 800 метрийн уралдаанд Германы Клаудиа Салман-Рат түрүүлсэн ч 6794 оноотой болсон Нафиссатоу Тиам нийлбэр оноогоор аваргын алтан медалийн болзол хангажээ.


















