Нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээг адил тэгш болгох эрх зүйн зохицуулалт хийнэ
Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг
Мэдээллийн алба

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачлагын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг ирээдүй, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж уриалсныг дуулгаад Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдээс нийт гишүүддээ улбар шар өнгийн ороолт, зангиа гардуулан өгч буйг мэдэгдсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм.
Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, УИХ-аас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодоr нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход чиглэсэн. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болсон байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22.5 жилээр тогтоосон. 2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа аж.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулгадаа нэгэн баримтыг жишээ татаж хэллээ. Түүний хэлснээр тооцоо, судалгаанаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 103 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага байх нөхцөл үүсээд байгаа юм байна. Энэ нь адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэж байгаа учраас Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах шаардлагыг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй агаад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгажээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороодод шилжүүллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


















