Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.06.11) өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар,
Мэдээллийн алба

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.06.11) өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Ц.Сандаг Очир нарын гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь дэмжсэн.
Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан байна. Энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгажээ.
Мөн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын таван гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.9 хувь нь дэмжив.


















