Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Улс төр

Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ

ЭХ
Эрчим хүчний яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ
Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын Дулааны цахилгаан станц (ДЦС) -ын барилга угсралтын ажлын талбайд ажиллалаа.

Анх 2016 онд Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Жинхуа групптэй хамтран боловсруулсан тус аймагт хэрэгжүүлэх ДЦС-ын төслийг баталгаажуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Нийт 148 сая ам.долларын  хөрөнгө оруулалтаар хийгдэж буй уг төслийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүч нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанар, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн суурь тул шинэ эх үүсвэр бий болгох нь стратегийн зорилт байх ёстойг онцоллоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс жил бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон өнөөгийн бодит нөхцөл байдлыг танилцууллаа.

Сэлэнгийн 70 МВт-ын ДЦС нь 35 МВт хоёр турбин генератортой, цагт 140 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай эргэлдэх буцламтгай давхаргатай мөн хоёр зуухтай, 220кВ цахилгаан дамжуулах агаарын шугамтай байхаар төлөвлөгдсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрлах “Илч Хужирт” нүүрсний уурхайгаас жилдээ 414,300 тонн нүүрс хэрэглэж эрчим хүч үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ.

2026 оны 09 дүгээр сард төслийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 110/10.5 кВ-ын 2*46 МВА чадалтай хүчний трансформаторын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах Техникийн комисс ажилласан.

Мөн сард 110 кВ-ын “170-р Сүхбаатар агаарын шугам”-ыг сүлжээнд залган, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэжээ. Тус станцын эхний 35 МВт-ын блокийг 2026 оны 11 дүгээр сар, II блокийг 2026 оны 12 дугаар сард багтаан тус тус сүлжээнд залгахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү станц ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн үйлдвэр, аж ахуйн компаниудыг найдвартай цахилгаанаар хангах, Сүхбаатар сумын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн орон нутагт 120 орчим ажлын байр шинээр бий болох ажээ.

Хуваалцах