Нийгмийн нэвтрүүлгийн редакцийнхан танилцах аялал хийв
Монголын радиогийн нийгмийн нэвтрүүлгийн редакцийн хамт олон “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийнхээ 40 жилийн ойг угтаж олон ажил төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Монголын радиогийн нийгмийн нэвтрүүлгийн редакцийн хамт олон “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийнхээ 40 жилийн ойг угтаж олон ажил төлөвлөжээ. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд тус редакцийн сэтгүүлч, уран бүтээлчид БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны нийслэл Хөх хотод зочилж, Өвөр Монголын Радио, Телевиз хороо болон “Талын дуу хоолой” радиогийн хамт олонтой дугуй ширээний уулзалт хийж, сэтгүүл зүйн чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо. Мөн Радио, Телевиз хорооны шууд нэвтрүүлгүүдийн студиудтэй танилцлаа.

Төрийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Ц.Бавуудорж тэргүүтэй Нийгмийн нэвтрүүлгийн редакцийн уран бүтээлчдийг БНХАУ, Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга мөн Өвөр Монголын Радио, Телевиз хорооны удирдлагууд, “Талын дуу хоолой” радиогийн хамт олон халуун дотноор угтан авсан юм.
Энэ үеэр Нийгмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч, яруу найрагчид “Бүүвэй дэлхий” хэмээх Өвөр Монгол даяар нэр хүндтэй яруу найргийн наадамд хүндэт зочдоор уригдаж, шүлэг найргийнхаа дээжийг өргөлөө.


















