Ой тогтоолтын ДАШТ-ээс Монголчууд 11 медаль хүртээд байна
БНХАУ-ын Чэнгдү хотноо Ой тогтоолтын 24 дэх удаагийн ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдрийн дүн гарсан бөгөөд Монголчууд авах боломжит 24 медалийн 11-ийг нь аваад байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Чэнгдү хотноо Ой тогтоолтын 24 дэх удаагийн ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдрийн дүн гарсан бөгөөд Монголчууд одоогоор нийт 11 медаль аваад байна. Тэмцээнд манай улсын өсвөр насны тамирчид дэлхийд номер нэг гэдгээ харуулж, есөн медалийн наймыг нь авсан байна. Үүнээс гадна ой тогтоолтын "Хоёртын тоолол" төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг манай 6 тамирчин эвдсэнээс 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санаснаар З.Цэцэгзулын оноог бүртгэжээ.
Тэмцээнд 35 орны 300 гаруй оюуны спортын тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр насанд хүрэгч, залуучууд, бага насны ангилалд өрсөлдөх юм.
.jpg)
Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт энэ тэмцээнд оролцож байна. Манай тамирчид саяхан Америк, Хонгконг, Тайванийн олон улсын нээлттэй тэмцээнүүдэд амжилттай оролцоод, бэлтгэл сайтайгаар энэхүү тэмцээнийг зорьсон юм.
Монголын оюун ухааны академийн тамирчид өнөөг хүртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд оролцон 458 медаль хүртсэнээс гадна дэлхийн олон дээд амжилтыг эзэмшдэг. Нэмж мэдээлэхэд, өнөөдөр тус тэмцээний дөрвөн төрөл явагдана.




















