ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ үзэх тасалбар авах хүсэлтээ гаргах боломжтой боллоо
Дэлхийн номер нэг спорт хөлбөмбөгийн хорхойтнууд ирэх жил ОХУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар авах хүсэлтээ гаргах боломжтой боллоо.
Мэдээллийн алба

Дэлхийн номер нэг спорт хөлбөмбөгийн хорхойтнууд ирэх жил ОХУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар авах хүсэлтээ гаргах боломжтой боллоо.
Тасалбар борлуулалтын эхний шат есдүгээр сарын 14-нд эхэлсэн байна. Хэрвээ та уг тэмцээнийг үзэхийг хүсч байвал ФИФА.Ком гэсэн цахим хуудсаар нэвтэрч, албан ёсны бүртгэл үүсгээд, аравдугаар сарын 12-ны дотор тасалбар авах маягт бөглөнө. Маягтаа зөв бөглөж, бүртгэл нь баталгаажиж, тасалбар авах эрх нь үүссэн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар сонгох юм байна.
Тасалбар захиалахдаа хувийн мэдээллээ үнэн бодитоор оруулахаас гадна цахим картаар тасалбарын үнийг төлөх боломжтой байх шаардлагатай.
Одоохондоо тэмцээнд оролцох багуудын нэр, сугалаа тодорхойгүй учир дэмждэг багаа сонгоод, хэд хэдэн сонголттой багцын тасалбар захиалж болно. Эхний хоёр шатанд зарагдсан бүх тасалбарыг 2018 оны тавдугаар сард ямар нэг нэмэлт төлбөргүйгээр эзэнд нь хүргэх аж.
Тасалбарын үнийн тухайд дөрвөн шатлалтай. Суудлаасаа хамаараад 210-1100 ам.доллар. Хоёр ба гуравдугаар ангиллын тасалбар нь 105-710 ам.доллар, харин дөрөвдүгээр ангиллын тасалбар нь 20-120 ам.долларын үнэтэй. Гэхдээ зөвхөн ОХУ-д оршин суугаа дотоодын иргэдэд олгох юм байна.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ.


















