Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-д суралцагч Монгол оюутнууд гар бөмбөгөөр өрсөлдөв

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэй Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийн спорт зааланд болсон тэмцээнд Москва, Санкт-Петербург, Воронеж, Липецк, Нижний-Новгород зэрэг хотын 120 гаруй оюутан 15 баг өрсөлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д суралцагч Монгол оюутнууд гар бөмбөгөөр өрсөлдөв
ОХУ-д суралцагч Монгол оюутнууд гар бөмбөгөөр өрсөлдөв. Зураг: МҮОНРТ

Оюунлаг хөгжлийг дэмжигч “Ле-Мон” клуб ОХУ-д суралцагч оюутан залуусын дунд энэ сарын 24-нд гар бөмбөгийн анхдугаар тэмцээн зохион байгууллаа.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэй Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийн спорт зааланд болсон тэмцээнд Москва, Санкт-Петербург, Воронеж, Липецк, Нижний-Новгород зэрэг хотын 120 гаруй оюутан 15 баг өрсөлджээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа тус тэмцээнийг нээж үг хэлэв.

Тэрбээр, "Оюутан залуусын хичээлээс гадуурх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, ОХУ-д төгссөн бахархал, сайхан дурсамжийг бүтээхэд тустай энэхүү тэмцээнийг цаашид дэмжиж ажиллана" гэлээ.

Өмнө нь гар бөмбөгийн тэмцээнийг зөвхөн цэрэг, цагдаа зэрэг хүчний сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн тэмцээнд энгийн сургуулийн оюутнууд оролцож буйгаараа онцлог байв. “Ле-Мон” клуб таван жилийнхээ ойн хүрээнд хэд хэдэн тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү гар бөмбөгийн тэмцээн юм.

Гэвч аливаа уралдаан тэмцээнийг зохион байгуулахад санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Энэ удаагийн тэмцээнийг ЭСЯ-аас санхүүжүүлж буйд талархаж байгаагаа "Ле-Мон" клубын тэргүүн Ж.Отгонгэрэл хэлэв.

Гар бөмбөгийн анхдугаар тэмцээнд Москвагийн Эрчим хүчний их сургуулийн баг гуравдугаар байр, зохион байгуулагч “Ле-Мон” клубын баг хоёрдугаар байр, Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн их сургуулийн ”Бауманская братва” баг нэгдүгээр байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цомын эзэд боллоо.

Хуваалцах