ОХУ-ын Буриад улсын бүжгийн коллеж, Улаанбаатар дахь “Русский дом” хамтран Монголын бүжигчдэд шинэ боломжууд нээлээ
Буриад улсын Бүжгийн коллежийн нэрт мастеруудын мастер-класст Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэргэдэх “Suvd dance” бүжгийн студийг үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжгийн багш Н.Сувд болон монгол ардын болон сонгодог бүжгийн 17 бүжигчин хүүхэд хамрагдаж байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Буриад улсын балетын урлагийн нэрийн хуудас болсон нэрт зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргадаг "уурхай" болох Буриадын Ардын жүжигчин Лариса Сахьянова, Пётр Абашеев нарын нэрэмжит Буриад улсын Бүжгийн коллежийн нэрт мастеруудын мастер-класст Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэргэдэх “Suvd dance” бүжгийн студийг үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжгийн багш Н.Сувд болон монгол ардын болон сонгодог бүжгийн 17 бүжигчин хүүхэд хамрагдаж байна.
"Тэнгэрлэг авьяас-2022" уриан дор зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 3-ны хооронд Байгаль нуурт зохион байгуулж буй дээрх зуны эрчимжүүлсэн бүжгийн сургалтыг Буриадын 60 жилийн түүхт Бүжгийн коллежийн захирал, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, балетын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багш Доржо Дугаржапов санаачилжээ.
Түүнчлэн тус мастер-классийн нээлтэд ОХУ-ын Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаева, Монгол Улсын болон ЗХУ-ын баатар, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Гүррагчаа тэргүүтэй зочин оролцжээ.
Ташрамд дуулгахад, Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдах дараа дараагийн сургалтыг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг дэмжиж зохион байгуулах юм байна.



















