Отгонтэнгэр хайрханы тайх ёслол өнөөдөр болно
Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол өнөөдөр болох юм.
Мэдээллийн алба

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол өнөөдөр болох юм. Үүнтэй холбогдуулан Отгонтэнгэр хайрханы талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.
Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг ажээ. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуур нь найман бэлгэдлийг агуулдаг. Отгонтэнгэр уулын орчимд байх нууруудаас хамгийн сонин тогтоцтой нь уулын өвөр бэлд байх Бадархундага.
Энэ нуурын хөлд дээр үеэс тахиж ирсэн овоотой бөгөөд хол ойрын зочин, гийчин, мөргөлчин сүсэгтнүүд Очирваань Бадархундагад залбирал үйлдэхдээ хатуу мөнгө, хадганд боосон мөнгөн ембүүг нуурын усанд өргөдөг уламжлал тогтжээ.
Богд Очирваань уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан нэгэнт цууд гарчээ. Отгонтэнгэрийн рашаан амралт өнө эртний түүхтэй бөгөөд элдэв өвчин зовлонд нэрвэгдсэн хол ойрын хүмүүс жилийн жилд ирж өвчнөөсөө салж илааршин буцдаг гэдэг.
Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн хоёр сүрлэг хайрхантай. Даян дээрхээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчимын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагддаг. Ийм учраас эртнээс нааш нутгийн ард Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг.
Отгонтэнгэр хайрхны зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг “Мэлхий хад” гэдэг бөгөөд Очирваань хайрхныг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрхны баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд дүүрээд хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан байдаг.

Улaaнбaaтaр хотоос 1000 км aлслaгдaх Отгонтэнгэр уул нь далайн төвшнөөс дээш 4021 м өндөрт оршдог. Энэхүү дархан цаазат газар нь байгалийн өвөрмөц тогтоц, биологийн төрөл зүйлийн хувьд Завхан аймагтаа төдийгүй Монгол орны хэмжээнд сонирхол татахуйц ач холбогдолтой.
Отгонтэнгэр уулыг 1828 онд анх дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж, уулын орчимд ан агнах, мод огтлох, эмийн ургамал түүх зэргийг хориглосон байдаг.

Жилийн дөрвөн улирлын турш мөнх цастай байж бүтэн жилийн цөөхөн хоногт оргил орой нь цэлмэж үзэгддэг өргөл мөргөлийн цагаан суварга, буян хишгийн энэ уулаа нутаг усныхан Цагаан уул, Очирваань хэмээн залбиран хүндэлдэг билээ.

Отгонтэнгэр түүний орчмын газар нутгийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалтанд авах нутгийн иргэдийн саналыг дэмжиж, 1992 онд Улсын бага хурлын тогтоолоор Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт нийт 95,5 мянган га газар нутгийг хамарсан Отгонтэнгэрийн Дархан цаазат газрыг байгуулсан билээ.


















