Пап лам Тайланд, Япон улсуудад хийх айлчлалаа эхлүүллээ
Католик шашны 266 дахь пап, Ватикан улсын төрийн тэргүүн Францис энх тайвныг сурталчлах зорилгоор Япон болон Тайланд улсад айлчлах айлчлалаа албан ёсоор эхлүүллээ. Тэрээр Азийн хоёр улсад зочлохоор Ватиканаас мягмар гарагт нисчээ.
Мэдээллийн алба

Католик шашны 266 дахь пап, Ватикан улсын төрийн тэргүүн Францис энх тайвныг сурталчлах зорилгоор Япон болон Тайланд улсад айлчлах айлчлалаа албан ёсоор эхлүүллээ. Тэрээр Азийн хоёр улсад зочлохоор Ватиканаас мягмар гарагт нисчээ. Ромын пап лам эхлээд Тайланд улсад зочилсны дараа Японыг зорих юм. Хүн амынх нь 90 гаруй хувь нь Буддын шашны шүтлэгтэй Тайланд улсад католик шашны тэргүүн зочилж байгаа үйл явдал 35 жилийн дараа ахин тохиож байна. Пап лам ФранцисТайландад байх хугацаандаа тус улсад анхны Католик сүм албан ёсоор нээлтээ хийж байсны 350 жилийн ойн баярт оролцоно.
Үүнээс гадна тэрээр Тайландын хаан болон Буддын шашны тэргүүнүүдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Харин Ватиканы тэргүүн бямба гарагт Японд очно. Энэ нь католик шашны тэргүүн Япон улсад 38 жилийн дараа ахин айлчилж буй үйл явдал болох юм. Тэрээр Дэлхийн 2-р дайны үеэр атомын бөмбөгдөлтөд өртсөн Японы Хирошима болон Нагасаки хотууд зочлохоос гадна Японы эзэн хаан Нарухито, тус улсын ерөнхий сайд АбэШинзо нартай уулзах юм. Мөн ромын пап лам Японд байх хугацаандаа хүн төрөлхтөн цөмийн зэвсгийг ахин хэзээ ашиглахгүй байх, улс орнуудыг дэлхий ертөнцөө хамгаалах нэг хүслийн доор нэгдэхийг уриалсан мөргөлийг зохион явуулна.


















