Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Програм хангамжийн 300 гаруй компаниас нэг нь л дэлхийн зах зээлд гарчээ

Манай инженерүүд дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах чадвартайгаа батлан харуулаад байгаа ч тэднийг дэмжсэн төрийн бодлого, зохицуулалт дутагдаж байгааг энэ чуулганы үеэр хөндлөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Програм хангамжийн 300 гаруй компаниас нэг нь л дэлхийн зах зээлд гарчээ
Програм хангамжийн 300 гаруй компаниас нэг нь л дэлхийн зах зээлд гарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарын 3-р чуулган “Дэлхийд танигдъя” уриан дор өнөөдөр боллоо. Манай инженерүүд дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах чадвартайгаа батлан харуулаад байгаа ч тэднийг дэмжсэн төрийн бодлого, зохицуулалт дутагдаж байгааг энэ чуулганы үеэр хөндлөө.

Дотоод зах зээл тэдний үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байгааг нэг л жишээгээр үзүүлье. Эмнэлгийн удирдлагын нэгдсэн цогц систем буюу хүний нөөц, үйлчилгээний системийг хөгжүүлэгч “Тавуэр софт” компани үйл ажиллагаагаа 2011 оноос эрчимжүүлж, энэ жилээс л бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Тэдэнтэй цөөн хэдэн хувийн эмнэлэг хамтарч байгаа ч Засгийн газраас тодорхой дэмжлэг байхгүйг “Тавуэр софт” компанийн гүйцэтгэх захирал М.Мөнхдөл хэллээ. Тэд 2018 он хүртэл дотоодын зах зээлдээ ажиллаж байгаад төв Азийн зах зээлд гарах хэтийн зорилготой. Гэвч өнөөдрийг хүртэл гадаад зах зээлд амжилттай гарсан ганц, хоёрхон компани л байна. Вэб сайтын загварын Дим Тон компани 350 мянган долларын борлуулалтыг гадаад зах зээлд хийсэн.

Харин програм хангамжийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодитой ажлыг Засгийн газар эхлүүлсэн гэсэн тайлбарыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас өгч байгаа юм. Шавхагддаг уул уурхайн баялаг бус монгол хүний оюуны чадамж олон мянган доллараар үнэлэгдэх цаг нь ирчихээд байна. Тиймээс програм хангамжийн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбар болгож хөгжүүлэхэд бодитой дэмжлэг хэрэгтэй байгааг энэ чуулганд оролцогчид хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах