Пёнчаны олимпийн медалийг танилцууллаа
2018 оны өвлийн олимпийн наадмын алт, мөнгө, хүрэл медалийн хийц загварыг олны өмнө ил болгож, АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхий нийтэд танилцууллаа.
Мэдээллийн алба

БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэе-Ин өнөөдөр ирэх 2018 оны өвлийн олимпийн наадмын алт, мөнгө, хүрэл медалийн хийц загварыг олны өмнө ил болгож, АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхий нийтэд танилцууллаа. Ирэх онд БНСУ-ын Пёнчан хотноо болох 23 дахь удаагийн өвлийн олимпийн наадмын медаль өнөөдрийг хүртэлх хугацаанд нууцлагдмал байсан.
Нью-Йорк хотын “Метрополишн” музейд БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэе Ин өвлийн олимпийн наадмын медалийг танилцуулах үеэрээ "Энэ удаагийн цагаан олимп мэдээж дэлхийн энх тайвны билэг тэмдэг болж, тэр дундаа Өмнөд болон Умард Солонгос 2 орны хоорондын харилцаанд олон эерэг таатай уур амьсгалыг бүрдүүлэх томоохон гарц болно гэж харж байгаа" гэдгээ хэлжээ. БНСУ-д өмнө нь зохион байгуулагдаж байсан хамгийн томоохон спортын тэмцээн уралдаан, үйл ажиллагаа бол мэдээж 1988 онд Сеүл хотноо болсон зуны олимпийн 24-р наадам юм. Түүнчлэн 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Япон улстай хамтран зохион байгуулж байсан туршлагатай. 2018 оны Өвлийн олимпийн наадам 02-р сарын 09-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өвлийн спортын үндсэн 15 төрлөөр зохиогдох энэ наадмаас нийтдээ 102 багц медалийн эзэд тодорно.


















