Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын 22 тамирчин оролцоно
Өмнөд Солонгосын Пёнчанд болох Өвлийн олимпын наадамд Умард Солонгосын 22 тамирчин оролцоно. Ийм шийдвэрийг Олон улсын олимпын хорооноос гаргалаа.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын Пёнчанд болох Өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын 22 тамирчин оролцоно. Ийм шийдвэрийг Олон улсын олимпийн хорооноос гаргалаа. ШвейцарынЛозанна хотноо болсон Олон улсын болоод хоёр Солонгосын олимпийн хороодын төлөөлөгчдийн хуралдааны үеэр Умард Солонгост Өвлийн олимпийн наадамд тамирчдаа оролцуулах эрхийг тусгайлан ийнхүү олгоод байна.
Умард Солонгосын тамирчид өвлийн их наадамд спортын 3 төрлөөр оролцох юм. Тодруулбал, уран гулгалт, шорттрек, эмэгтэйчүүдийн хоккей гэсэн төрлүүдэд өрсөлдөнө. Харин өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд хоёр Солонгосын тамирчид нэг туган дор жагсах юм. Хоёр Солонгосын тус бүр нэг нэг тамирчин нэгдсэн энэ тугаа залан цэнгэлдэхэд орж ирэхээр тохироод байна.
Умард Солонгосын спортын багийнхныг 24 албан тушаалтан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 21 төлөөлөгч дагалдаж Өмнөдөд ирэхээр болсныг Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах мэдэгдлээ. Хоккейн нэгдсэн багт Өмнөд Солонгосын 23, Умард Солонгосын 12 тамирчин орохоор болоод байна.


















