Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Раажав гээч нөхрийн тухай...

"Радио бол... хүний сэтгэлийн хань, дотны зөвлөгч, хаа ч байсан ямар ч нөхцөлд хэний ч дэргэд хамт явдаг дотны нөхөр юм шүү дээ, үүгээрээ телевизээс давуу талтай," хэмээн оросын сэтгүүлчдийн "залгамайлсан эцэг" гэгдэх профессор Я.Н.Засурский хэлж билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 9 минут
Раажав гээч нөхрийн тухай...
Раажав гээч нөхрийн тухай.... Зураг: МҮОНРТ

"Радио бол... хүний сэтгэлийн хань, дотны зөвлөгч, хаа ч байсан ямар ч нөхцөлд хэний ч дэргэд хамт явдаг дотны нөхөр юм шүү дээ, үүгээрээ телевизээс давуу талтай," хэмээн оросын сэтгүүлчдийн "залгамайлсан эцэг" гэгдэх профессор Я.Н.Засурский хэлж билээ. Ломносовын Их Сургуулийн сэтгүүлчийн тэнхимийн эрхлэгч, орос даяар нэрд гарсан энэ эрдэмтэн, бичгийн их хүнтэй уулзаж ярилцлага авах аз завшаан 1999 оны намар Москвад сурвалжлагчаар ажиллаж байхад минь надад тохиосон юм. Радиогийн онцлогийн талаар товч агаад гайхалтай мэргэн тодорхойлсон энэ үг Монголын Радиотой 37 жилийн турш хувь заяагаа холбосон миний сэтгэлд туйлын ойр дотно санагдаж билээ. Үнэхээр Радио гэдэг сэтгэлийн хань, нөхөр л дөө.

Хөдөө хээр аяны замдаа яваа жолооч, сүргийнхээ дэргэд суугаа малчин, уулын мухарт гэртээ цайгаа уусан шигээ амарч буй сонсогч, ер нь хэн ч байлаа гэсэн хүлээн авагчаа залгахад л: -Эрхэм сонсогч таны амар амгаланг айлтгая, тавтай сайхан хаваржиж байна уу? гэх тань руу хандсан нэвтрүүлэгчийн уриалгахан мэндчилгээ сонор мялааж хэрэгцээтэй мэдээлэл, дуу хөгжим, ертөнцийн сонин сайханг дуулгана...Ялангуяа малчдын хувьд цаг агаарын мэдээг урьтаж мэдэхэд радио шиг хамгийн шуурхай хүргэдэг дотны зөвлөгч гэж байхгүй дээ...Тэгээд ч тэд маань хэдэн цаг минутаас цаг агаарын мэдээ хүлээж авахаа андахгүй мэднэ. Тээр жил сэн, 1990 оны 7-р сард наадмын дараахан миний бие сурвалжлах ажлаар Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэ-Жинст сумаар дайран Алтайн цаадахь говиор явж Сэгс Цагаан-Богд хүрч билээ. Жигүүртэн шувуу ч нисэх нь ховор хүн амьтангүй зэлүүд газраар машин маань давхиж явтал шөнө дөл болсон хойно эзгүй энэ цөлд холоос бүдэгдүү гэгээ харагдав. Тэгсэн чинь машины дуунаар тогоогоо тавиад гаднаас ирэх аяны зочноо хүлээж буй говийн ганц айлын гэрийн тооноор цацрах гэрэл байсан юмсанж. Говийнхон гэж үнэхээр хүний хүслэн болсон гайхалтай сайхан ард түмэн шүү. Аяны дөрөөгөө мултлан гэрт ороход цайгаа сүлж сүүгээ самран буй гэрийн эзэгтэй угтав. Монголын Радиогоос яваагаа танилцуулахад яриа хөөрөө нь хөгжиж, бидний тухай сайн мэдэхээр барахгүй эртний танилын адилаар манай нэвтрүүлэгч, сэтгүүлчдийг нэр овгоор нь дуудаж байх юм. Манай нутгийн Данзангийн Нямаа гэх хүү бий дээ, бас Батмөнхийн Чулуунбат гуай байна... бүдүүн дуут Базарын Цэдэндамба, зөөлөн дуут Б.Энхтуяа гээд л би танайхныг андахгүй шүү дээ... Нөгөө Д.Амбасэлмаа эгч мэнд үү, "Таван Эрдэнэ"-ийн Ц.Чимиддорж маань буянт малдаа хайртай хүү дээ, Мятавын Цагаан, Пүрэвжавын Баярсайхан гэж манийхаа амьдралыг арван хуруу шигээ мэддэг сүрхий сурвалжлагчид байх юм аа. Д.Хишгээ нэвтрүүлэгч телевизид очсон гэл үү, энэ зэлүүд газар телевиз ямар гарах биш дээ... гээд л хуучилж гарсан сан. Эднийх 14 хүүхэдтэй өнөр өтгөн айл.

Гэрийн эзэгтэй ийм олон хүүхэд төрүүлсэн гэхэд итгэхийн аргагүй жавхаалаг, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, говийн эрэмгий байрын бүсгүй байж билээ. Монгол нутгийн аль ч өнцөгт очсон ийм л халуун дотно яриа айл гэрт өрнөж, радиогийн сэтгүүлчийг өрхийн нэгэн гишүүний адилаар найрсаг хүлээн авдаг. Зүсий нь үзээгүй ч сэтгэлээрээ дотносохийн ид шидийг ийнхүү Радио л өөртөө агуулсан аж. Тэгээд ч Радиог сэтгэлийн урлаг гэж оросын радио телевиз судлаач Т.Марченко тэмдэглэсэн нь учиртай. Яагаад гэвэл радио ямар ч саад төвөггүйгээр сэтгэлийг эзэмдэнэ. Жишээлэхэд, Театрт тайз, кинонд /телевизид/ дэлгэц, номонд хуудас гээд үзэгч уншигчдыг тухайн үйл явдлаас заагласан ямар нэг зүйл байдаг бол радио нь хүний оюун сэтгэлд шууд нэвтрэх давуу талтай. Өөрөөр хэлвэл, Радиогийн тайз дэлгэц нь хүний оюун сэтгэхүй болж байдаг.

Тэгээд ч Радио, сонсогч хоёр юугаар ч зүйрлэшгүй дотно сэтгэлийн шижмээр холбогдож санаашрал, хүсэл эрмэлзлэлээрээ ижилсэх аж. Тэдний хооронд ямар нэгэн зааг арилж бие биенийхээ сэтгэл бодлыг хялбархан ойлголцож чаддаг. Иймд сонсогч хүн радиогийн үйл явдалд идэвхтэй оролцогч, хамтран бүтээгч нь болж байдаг. Радиогийн энэ онцлогоос үүдэн радио бүтээлийн бичлэг хэллэг нь ямагт хүн рүү, түүний оюун сэтгэхүй рүү хандснаараа хэвлэл, сониноос эрс ялгаатай. Иймээс радиод бичгийн хэл, албархаг үг, урт унжирсан өгүүлбэр хэллэг тохирмжгүй. Харин, чин сэтгэлийн үг, ярианы хэл радио сэтгүүл зүйн үндэс болж байдаг. Тэх тусмаа сэтгэл санаагаа хуваалцах, эргэцүүлж бодох өнгө аяс радио бүтээлд зонхилдог нь учиртай. Үүнээс улбаалан радиогийн сэтгүүлч ямагт хүнээ бодож, түүнтэй харилцах маягаар текстээ бичнэ. Тэгээд ч нэвтрүүлэг бүхэн сонсогчоо уриалан дуудах өвөрмөц мэндчилгээтэй, сайн сайхныг билигдсэн эхлэл, төгсгөлтэй байдаг. Ер нь хүн гээч амьтан сэтгэлээ дэлгэчих аль нэгэн түшиг ханийг үгүйлж явдаг. Үүнд Радио шиг хүний сэтгэлд ойр дотно анд нөхөр байдаггүй нь түүний хорвоод хосгүй онцлог юм. Чухам эндээс үндэслэж радио сэтгүүл зүйн өвөрмөц төрөл жанр бий болдог. Тухайлахад, дурсамж яриа, сэтгэлийн өчил, эргэцүүлэлд түшиглэсэн тэмдэглэл, зохиомж, эвлүүлэг, найруулал, эссе, хүн рүү хандсан зөвлөмж, зөвлөгөө, хүнтэй санаа бодлоо хуваалцсан захидал радиод их тохирдог. Радиогийн жүжиг театрынхаас эрс өөр, театр шиг тайз, кино шиг дэлгэц шаардагдахгүй, өөрөөр хэлвэл, Радиогийн жүжгийн тайз нь хүний оюун сэтгэл болж байдаг гэдгийг анх 1924 онд английн эфирээр нэвтэрсэн Ричард Хьюзийн “Аюулд учирсан нь” хэмээх радио жүжиг нотлосон юм... Учир нь жүжгийн үйл явдал хав харанхуйд өрнөдөг. Уурхайд газрын гүнд осол гарч олон хүн шороонд дарагдаад тэдэнд үхэх аюул тулгараад байна. Гэрэл гэгээгүй харанхуй энэ орчин нь сонсогчийн харах, үзэх боломжгүй нөхцөлд тун нийцсэн уран сайхны шийдэл байлаа. Сонсогч хүнд бол жүжгийн баатар ямар хувцас, зүс царайтай байх нь гол биш, харин хүнд сорилтонд орж үхлийн аюултай халз тулгараад байгаа баатруудын санаа бодол сонсогчийн сэтгэлийг илүү шаналгадаг. Ийм нөхцөлд усны хоржигнох, шороо унах, баатруудын амьсгалах чимээ дуу шуугиан бүр сонсогчдын сэтгэлийг түгшээдэг. Ингэхлээр дуу чимээ шуугиан Радиогийн уран сайхны өвөрмөц яруу хэрэглүүр, дүрслэлийн хэл болж буйг уг жүжиг нээсэн юм. Ахуй орчинг дуу чимээ шуугианаар тодосгох яруу хэрэглүүр нь хожим радио сурвалжлага, мэдээ, радиогийн шууд нэвтрүүлэг, уран сайхны нэвтрүүлэг зохиомж, жүжиг гээд бусад төрөл зүйд өргөн хэрэглэгдэх болсон билээ. Амьдралын дуу чимээ нь радио сурвалжлага, мэдээ, шууд нэвтрүүлэгт болж буй үйл явдлыг бодиттой, амьд сонирхолтой болгоход чухал үүрэгтэй. Үүгээрээ радио сурвалжлага, мэдээ нь бусад хэвлэл, сониноос ялгагдах гол онцлогтой. Дуу чимээ гэхлээр зөвхөн ахуй орчны хүрээнд ойлгож болохгүй. Юуны өмнө, үйл явдлыг нүдээр хараад дүрслэн хэлж, уг хэрэг явдлын дунд яваа сэтгүүлчийн өөрийнх нь амьд дуу хоолой баримтыг бодитой, үнэмшилтэй, сонирхолтой болгодог... Ялангуяа үйл явдалд идэвхтэй оролцож байгаа сурвалжлагчийн сэтгэл хөдлөл, амьд үг сонсогчийг өөрийн эрхгүй татдаг. Радиогийн сэтгүүлч, сонсогч хоёрын хооронд ямар нэгэн зааг арилж, сэтгэлийн далд шижмээр тэд холбогдож уг үйл явдалд сонсогч өөрөө татагдан ордог... Аль ч үед, ямар ч нөхцөлд сонсогчид руугаа хандаж, сонсогчдынхоо дэргэд, хамт байлцах, тэдний сэтгэлд орших радиогийн энэ онцлогийг “эффект присутствия” буюу радиогийн амьд чанар гэдэг. Цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр болж байгаа хэрэг явдлыг сонсогчдын сэтгэлд амьд сонирхолтой өгүүлэх, нөгөө талаас уг үйл явдалд сонсогчийг татан оруулах! радиогийн энэ онцлог, амьд чанар нь радио сурвалжлагын гол цөм болж байдаг. Радиогийн энэхүү онцлогийг манай нэрд гарсан сэтгүүлч, талийгаач Гүрсэдийн Одхүү гайхамшигтай мэдэрч эзмшсэн хүн байлаа... Байконур. Сансрын хөлөг хөөргөх талбайгаас 1981 онд Г.Одхүүгиийн хийсэн сурвалжлагыг онцлож тэмдэглэхэд “Би бугуйн цагаа харж байна!“ гэж сэтгүүлч хэлж байгаа. Энэ үгийг гагцхүү Радиогийн сэтгүүлч л хэлэх үг. Хэвлэл, сонин, телевизийнхэн бугуйн цагаа харах онцын ач холбогдолгүй. Харин, Радиогийн хувьд бол чухал дүрслэл хэл. Нүдээрээ харах боломжгүй сонсогчийг өрнөж буй халуун үйл явдалтай сэтгэлээр нь шууд холбосон хэрэг. Нөгөө талаас болж байгаа үйл явдлын утга учрыг тодосгон үйл явдлын баримтат чанарыг нотлосон үг юм. Ялангуяа, шууд сурвалжлагад өрнөж буй хэрэг явдлын дунд байгаа сэтгүүлчийн сэтгэл хөдлөл баримтыг улам ч чимдэг...Хэдхэн мөчийн дараа анх удаа сансарт дүүлэн хөөрөх гэж байгаа монгол хүний суусан “Союз” хөлгийг хараад бахдах, бахархах, догдлох, баярлах сэтгүүлчийн сэтгэлийн олон янзын хувирал өнгө аяс нь шууд сурвалжлагыг амьд сонирхолтой болгох хүчин зүйлс болсон байдаг. Ингэхлээр сэтгүүлчийн сэтгэл хөдлөл гэдэг нь шууд сурвалжлагад баримтыг үнэмшилтэй болгоход чухал үүрэгтэй бөгөөд радиогийн амьд чанарын нэгэн тод илрэл юм. ”Эффект присутствия” буюу радиогийн амьд чанарын өвөрмөц нэг шинж бол бас уг хэрэг явдал тухайн цаг мөч хоромд өрнөж байдгаараа онцлог. Ялангуяа радиогийн шууд сурвалжлагад болж буй хэрэг явдлыг тухайн цаг мөчид нь газар дээрээс нь шууд дамжуулдаг. Радиогийн давуу энэ чанар аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байхгүй юм. Бусад хэвлэл, сэтгүүл, сонинд болсон үйл явдлыг /хэвлэх үйлдвэрт/цаг хугацаа алдаж дараа өдөр нь мэдээлдэг. Ингэхлээр “сиюминутность” буюу дахин давтагдашгүй тухайн ”хором, цаг мөч” гэдэг нь радиогийн шууд сурвалжлагын амин сүнс болж байдаг байна.

Радио нь хэвлэл мэдээлэл, урлаг уран сайхны аль алины шинжийг өөртөө агуулснаараа өвөрмөц юм. Монголын Радио 75 наслахдаа хэвлэл мэдээллийн шинэ төрөл радио сэтгүүл зүй, радио урлагийг бий болгож, хэвлийгээсээ үндэсний телевиз хэмээх том хүүг төрүүлсөн гавъяатай... Эдүгээ FM гээч олон ач гучтай болжээ. Ер нь Радиогийн ирээдүй ямар байх бол? Тэргүүлэх байр сууриа цаашид алдах болов уу хэмээн зовниж явдгаа Я.Н Засурский профессораас өөрийн эрхгүй асууж билээ. Тэгэхэд буурал эрдэмтэн:-“Үгүй дээ, радио хэзээ ч дайчин давшингүй чанараа хэнд ч алдахгүй. Радио шиг хүний сэтгэлд ойр дөхөм мэдээллийн хэрэгсэл байхгүй. Радио цаашид улам хөгжих таатай нөхцлийг шинэ эрин үе бүрэлдүүлнэ. Мэдээллийг интернетээс хүлээн авч дамжуулах орон нутгийн радио станцууд бий болно” гэсэн сэн... Үнэндээ ч тийм юм. Саяхан миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Монголын үзэсгэлэнт газрын нэг Галтай Булнайн Ар Булагт амраад ирлээ. Тэгэхэд тэндэхийн цөөнгүй малчид гаднаа нарны зай, телевизийн орчин цагийн томоос том тавган антенн суурилуулж, таван төрлийн сувгаар телевиз үзэж суугаа ч гэрийнхээ хойморьт радио хүлээн авагчаа залсан хэвээр байлаа. Малынхаа бэлчээрт бэсрэгхэн радио хүлээн авагчаа чагнан суугаа малчинтай ч тааралдаж явлаа. Орон зай, цаг хугацаа, цаг агаарын ямар ч нөхцлийг үл харгалзан хэдийд ч, хаана ч хэнийд ч хүмүүсийн оюун санааг шууд эзэмдэн, сэтгэлийнх нь хань дагуул болсон энэ Раажив гээч нүднээ үл үзэгдэгч гайхалтай хүнийг бүтээгч нь Монголын радиогийн үе үеийн сэтгүүлч уран бүтээлч нар билээ...

МЗЭ-ийн шагналт судлаач, сэтгүүлч Дэмчигдоржийн Мягмарсүрэн

Эх сурвалж: http://myagmarsurend.blog.gogo.mn

Хуваалцах