Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Роберто Бэнес: Би хүүхдийн төлөөх олон улсын нүүдэлчин

Би Италийн нэгэн жижигхэн хотод төрж өссөн. Тохиолдлоор гэх үү дээ зургаан настайгаасаа Скаутын холбоонд элссэн маань бусдын төлөө ажиллах замын эхлэл байжээ гэж би одоо боддог юм. Тэнд би маш их юм сурсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 15 минут
Роберто Бэнес: Би хүүхдийн төлөөх олон улсын нүүдэлчин
Роберто Бэнес: Би хүүхдийн төлөөх олон улсын нүүдэлчин. Зураг: МҮОНРТ

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнестэй ярилцлаа.

-Та НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч болтлоо ажиллах болсон тухайгаа эхлээд сонирхуулахгүй юу?

-Би Италийн нэгэн жижигхэн хотод төрж өссөн. Тохиолдлоор гэх үү дээ зургаан настайгаасаа Скаутын холбоонд элссэн маань бусдын төлөө ажиллах замын эхлэл байжээ гэж би одоо боддог юм. Тэнд би маш их юм сурсан. Тэгээд 18 настайдаа сургагч багш болж, хотын захын ядуу хүүхдүүдтэй ажилладаг байлаа. Ингэж явахдаа нийгмийг өөрчилж, сайн сайхан болгох гол түлхүүр нь хүүхдүүд юм байна гэдгийг ойлгосон. Хүүхэд бүр боловсролтой, эрүүл саруул байснаар нийгэм маань сайхан болох юм байна гэдгийг ухаарсан. Тэгж л НҮБ-ын Хүүхдийн санд ажиллах хүсэл эрмэлзэл төрсөн дөө.

-Хүүхэд байх үеэсээ хүмүүнлэгийн ажил хийх бас ертөнцийг үзэх үзэлд тань таны гэр бүлийн хүмүүжил нөлөө болсон уу?

-Миний хувьд энгийн гэр бүлээс гаралтай. Аав маань төмөр замд ажилладаг байсан. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэй гишүүн. Ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр идэвх санаачлагатай ажилладаг байсан. Миний эгч бас нийгмийн идэвх сайтай. Ээж минь болохоор жинхэнэ сайн гэрийн эзэгтэй. Биднийг их сайхан өсгөж хүмүүжүүлсэн. Мэдээж аав ээж хоёрынхоо аливаад хандах хандлага, амьдралынхаа мөрдлөг болгож ирсэн үнэт зүйлээх бид хүмүүжсэн. Маш том үйл хэрэг бүтээсэн хүнийг баатар гэж хүмүүс ярьдаг бол миний хувьд амьдралынхаа туршид өөрийнхөө үнэт зүйлийг мөрдөж чаддаг хүнийг баатар хүн гэж хэлнэ. Тиймээс би шударга байя, ёс суртахуунтай байя, бусдад тусалж байя гэдэг зарчмыг сонгож амьдрахаар шийдсэн. Тиймдээ ч энэ ажлаасаа маш их таашаал аз жаргалыг мэдэрч байдаг.


Хүүхдүүд цаасаар хийсэн гэрт амьдарч байгааг хараад сэтгэл өвдсөн

-Таны сонгож авсан энэ эрхэм хүндтэй албыг нэг үгээр илэрхийлбэл нийгмийн дундах хамгийн эмзэг асуудлыг бие сэтгэлээрээ мэдэрч түүнийг анагаахын төлөө явж байгаа эмч гэж хэлж болох юм. Хамгийн их цээж хөндүүрлүүлж байсан тохиолдлоосоо хуваалцахгүй юу?

-Шударга бус, тэгш бус байдал гэр бүлд, сургуулийн орчинд, нийгэмд гээд хаа сайгүй байдаг. Шударга бус байдлын өмнүүр дуугүй өнгөрөхгүй байх л чухал. Шударга бус байдлыг харсаар байж юу ч хийхгүй өнгөрөх, эсвэл түүний эсрэг тэмцэх гэсэн хоёр л сонголт хүнд бий. Би жижиг тосгонд хүүхэд насаа үдсэн гэж дээр хэлсэн дээ. Тэнд амьдардаг байхдаа шударга бус, ялгаатай байдлыг бүр багаасаа харж, мэдэрч өссөн. Өөрөөр хэлбэл, зарим хүүхдүүдэд боломж байхад бусдад нь түүнтэй адил боломж байхгүй байсан. Дараа нь хамгийн их эмзэглэл төрүүлсэн зүйл гэвэл нутгаасаа анх гараад, Латин Америкийн Перу, Колумб гэж хоёр оронд очиж ажиллахдаа мэдэрсэн тэр мэдрэмж. Би тэнд хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар дипломын ажлаа бичихээр очсон байсан юм.

Олон сарын турш судалгаа хийж, Лима, Богота хотын захын дүүргүүдээр явж байхдаа хүүхдүүд дан цаасаар хийсэн гэрт ус ч үгүй, цахилгаан ч үгүй маш өрөвдөлтэй нөхцөлд амьдарч байгааг харж байсан. Тэгээд хүүхдүүд ийм нөхцөлд амьдарч, хөдөлмөр эрхлэж байгаа тухай дипломынхоо ажлаар дамжуулж бусдад хэлэх нь миний үүрэг гэж бодсон. Би энэ хүмүүсийн аж байдлыг бусдад мэдүүлэх ёстой, тэдний дуу хоолой болох ёстойгоо ойлгосон. Яагаад гэвэл тэр үед энэ байдлыг хэн ч хэлэхгүй байсан учраас. Дараа нь НҮБ-ын Хүүхдийн сандорсноор хүүхдийн төлөө илүү өргөн хүрээтэй ажиллах боломж гарсан.

-Таны намтар түүхээс Африкт хүүхдийн хөдөлмөр, хүний наймаа гээд маш хүнд асуудлууд дээр ажиллаж байсныг анзаарлаа.Тэнд ялангуяа хүүхдийн эрх маш их зөрчигддөгийг цочирч хүлээж авдаг ч одоо ч тэр байдал байсаар байгаа нь харамсалтай. Таныг тэдэнд туслах ямар нэгэн бодитой алхам хийсэн байх гэж бодож байна?

-Африкт дөрвөн жил ажилласан.Тэнд хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн наймааны асуудлаас гадна амьдрал нь туйлын ядуу байгааг өөрийн нүдээр харахад үнэхээр сэтгэл өвддөг. Хүүхдүүдийг хулгайлаад хүчээр тариалангийн талбайд, эсвэл гэрийн үйлчлэгчээр ажиллуулдаг. Тэр дундаа Нигер улсад хүүхдийг хөдөө тосгоноос хулгайлах явдал их байдаг. Тэгээд Европ руу гаргадаг. Энэ нь хүний наймаа гэсэн үг л дээ. Ялангуяа эмэгтэй хүүхдийг хулгайлж, Европт авч очоод биеийг нь үнэлүүлэх байдал элбэг.

Ийм тохиолдол миний амьдарч байсан Италид хүртэл гарч байсан. Африкт ажиллаж байхдаа энэ асуудлын уг шалтгааныг олж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байсан. Сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байдаг. Тэр хэцүү байдлыг мэдрэх тусам тэдэнд туслахсан, илүү ихийг хийж энэ байдлыг зогсоохсон гэдэг хүсэл эрмэлзэл төрдөг. Хамгийн гол нь тэр байдлыг хараад юу ч хийхгүй байгаа хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдэж байгаа хүмүүстэй адил гэж би боддог.

-Гэхдээ л танд тэр хүүхдүүдийн төлөө өөрөө гардаж хийсэн зүйл багагүй байдаг байх?

-Хүүхдүүдийн өмнө тулгарч буй шударга бус явдал дэндүү том байтал бидний хийж буй ажил өчүүхэн жижиг мэт санагдах үе бий. Нэгэнтээ би насан туршийнхаа амьдралыг хүүхдийн төлөө зориулна гэж шийдсэн болохоор зорилгынхоо төлөө явахад ямар ч байсан үр дүнд хүрнэ гэж боддог. Хүүхдүүдэд бид ингэж тусласан гэж хэлэхэд хэцүү.Яагаад гэвэл бидний ажлын үр дүн урт хугацаандаа гардаг учир шууд бариад

авахад хэцүү.Бас үзүүлэхэд хэцүү. Шууд утгаар нь хувь нэмэр оруулсан үе гэвэл Индонезид болсон цунамигийн үеэр гамшигт нэрвэгдсэн хүүхдүүдэд туслаж байсан. Тэнд гэр орноо, бүх юмаа алдсан хүүхдүүдэд газар дээр нь очиж тусласан. Хүмүүнлэгийн ажлыг хийж байх явцдаа миний ойлгосон зүйл гэвэл би ганцаараа том хувь нэмэр оруулахад хэцүү. Харин бид олуулаа хүчээ нэгтгэж чадах юм бол хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулах юм байна гэдгийг ойлгосон. Монголд л гэхэд манай ажлын сайхан баг, хамт олон маань байна. Бидэнд нөөц боломждоо тулгуурлаад, өөрсдийн хэмжээнд хувь нэмрээ оруулах боломж байна. Тэд ч энэ үүргээ биелүүлж яваа.

-Та хүмүүнлэгийн ажлыг тэр дундаа хүүхдийн төлөө зориулаад 18 жилийг үджээ. Энэ хугацаанд Ойрхи Дорнодод таван жил түүнчлэн Индонези, Африк гээд цөөнгүй оронд очиж ажиллахдаа чамлахааргүй туршлага хуримтлуулсан болов уу?

-Ойрхи Дорнодын 20-иод орны асуудлыг хариуцдаг оффист таван жил ажилласан.Тэнд ажиллаж байх хугацаанд Арабын хавар буюу Ливи, Ирак, Сири зэрэг орнуудад үймээн дэгдэж байсан. Тэндээс улс төрийн байдал хэцүү байхад НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд ямар нэгэн шийдвэр гаргаад юм хийхэд маш хэцүү гэдгийг ойлгосон. Учир нь тэнд муу засаглал, дарангуйлал, хүний эрхийг уландаа гишгэсэн байдал ноёрхсоор байхад улс төрчид тэр байдлаа ойлгохгүй, буруу шийдвэр гаргах юм бол бид яаж ч нийгмийг өөрчилж, сайн сайхан болгоё гээд чадахгүй байсан.

Тэндээс олон жилийн улс төрийн буруу шийдвэрийн улмаас улс орон нь хямралд ороод, эцсийн дүндээ хүүхэд эмэгтэйчүүд хамгийн ихээр хохирч үлддэг гэдэг нь харагдаж байсан.Учир нь улс төрийн шийдвэр буруу, улс төрийн намууд, удирдагчид хоорондоо зөв шийдэл олоод зөвшилцөлд хүрч чадахгүй бол бид ямар ч алхам хийж чадахгүй байдалд ордог. Миний хувьд Засгийн газарт нь нийгмийн бодлого, нийгмийн хамгаалал талаас нь зөвлөгөө өгөх үүрэгтэй байсан. Гэтэл улс төрийн шийдэл буруу байсан учраас нийгэм хамгааллынхаа үйл ажиллагааг явуулж чадахгүйд хүрч их хэцүү байсан. Энэ зовлонг би тэндээс ойлгосон.

-Та Монголд ирж ажиллаад хоёр жил болж байна.Сая улс төрийн буруу шийдлээс болж үйл ажилагаагаа явуулж чадахгүйд хүрдэг гэж ярилаа. Монгол Улсын нийгмийн бодлогод таны нөлөөлөл хэр үр дүнгээ өгч байна. Сайн тал нь юу байна. Бас шүүмжилмээр тал нь гэвэл?

-Анх Монгол оронд ирээд ажигласан зүйл бол хүүхдийн аж байдлыг дээшлүүлэхийн төлөө маш их зүйл хийсэн байсан. Тухайлбал, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг тав дахин бууруулж чадсан. Түүнчлэн хүүхдүүдийн хоол тэжээлийн байдал дээрдснээс гадна сургууль, цэцэрлэгт хамрагдах хүрээ нэмэгдсэн зэрэг хийсэн ажил нь чамлахааргүй байгаа. Гэхдээ цаашид шийдэх асуудлууд мэдээж бий. Монгол Улсын хувьд байгалийн нөөц баялаг ихтэй орон. Гэтэл хүүхдүүдийн аж байдал бүгд ижил тэгш биш . Өөрөөр хэлбэл, тэр баялаг дээрээ тулгуурлаад хүүхдүүдийн амьдралын төвшинг дээшлүүлэх боломжтой ч одоохондоо тийм байлгаж чадахгүй байна. Жишээлбэл, хүүхдүүдийн дунд ундны цэвэр усны хэрэглээ, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүйгээс гадна сургуулийн өмнөх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүх хүүхдүүд хамрагдаж чаддаггүй.

Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа, гэр хороололд амьдарч байгаа, баруун аймагт амьдарч байгаа гээд гурван өөр газар өсч, торниж байгаа хүүхдүүдийн аж байдлыг харьцуулахад тэс өөр. Баруун аймагт гэхэд хүүхдийн эндэгдэл өндөр байна. Гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд ариун цэврийн байгууламжийн хүртээмж муу байна. Мөн хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдийг бодвол цэцэрлэгт хамрагдах боломж бага байна. Энэ мэт ялгаатай байдлыг арилгах боломж бий юу гэвэл бий.Хүүхдийн төлөө гаргасан амжилт чамлахааргүй ч гэлээ цаашид хийх зүйл их байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Аливаа улсын улс төрийн шийдвэр зөв байж гэрэлт ирээдүй, хөгжил цэцэглэл ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайн сайхан өнөөдрийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь хүүхдүүд.Тэд энэ улсын ирээдүйн хөгжлийг авч явах удирдагчид, ажиллах боловсон хүчин, ирээдүйн эцэг эх.Тэдний төлөө одоо л анхаарч хөрөнгө оруулалт хийхгүй бол улс орон тогтвортой хөгжиж чадахгүй.

Багаасаа хөдөлмөр эрхэлсэн хүүхэд сургуульд суралцаагүйгээсээ болоод насан туршдаа ядуу явах магадлал өндөртэй гэсэн олон улсын судалгаа байдаг

-Та манай гэр хорооллын болон хот, хөдөөгийн хүүхдүүдийн нийгмийн асуудал харилцан адилгүй байна гэж хэллээ. Газар дээр нь очиж өөрийн нүдээр харснаа хэлж байна уу?

-Манай НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөр Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт хэрэгждэг. Ажлынхаа шугамаар Хөвсгөл аймагт хэд хэдэн удаа очиж байсан. Хотын захын Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдээр очиж тэндхийн хүүхдүүдийн аж байдлыг өөрийн нүдээр харсан. Тэндээс харахад хотын төв болон гэр хороололд нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж эрс ялгаатай байгааг харсан. Наад зах нь ундны усны асуудал байна. Гэр хорооллын хүүхдүүд гадаа -20 хэмийн хүйтэнд худгаас том саваар ус зөөж байгааг харах, -20 хэмийн хүйтэнд гадаа гарч бие засч байгааг харахад сэтгэл эмзэглэмээр байдаг.

Сүүлийн үед мөн хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол агаарын бохирдол. Ялангуяа гэр хорооллын агаарын бохирдол үнэхээр гамшгийн байдалд хүрээд байна. Агаарын бохирдлоос шалтгаалж хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө асар өндөр. Жишээ нь, хатгалгаа байна. Хатгалгааг үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь агаарын бохирдол. Өнөөдөр Монгол Улсын 0-5 хүртэлх настай хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан хатгалгаа байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Хүүхэд ийм орчинд амьдрах ёсгүй. Монгол Улс нөөц баялаг ихтэй хэрнээ хүүхдүүд нь агаарын бохирдол дунд амьдраад эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Монгол Улсад нөөц боломж нь байна. Бусдад сайн туршлага болж чадах боломж нь ч байна. Үүний тулд илүү ихийг хийх хэрэгтэй. Манай НҮБ-ын Хүүхдийн сан Засгийн газрыг дэмжиж ажиллахад бэлэн байна.

-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг хатуу байр сууриа НҮБ-ын Хүүхдийн сан байнга илэрхийлж байдаг. Нийгмийн эрх тэгш бус байдлаас болоод энэ нь амь бөхтэй байгаад байдаг. Тухайлбал, манай улсад хүүхэд бага наснаасаа уралдааны морь унадаг байдалд шүүмжлэлтэй хандаж байсныг тань санаж байна?

-Хүүхдийн хөдөлмөрийг хэмжих хэцүү байдаг. Яагаад гэвэл бас л хаалттай хаалганы цаана болдог учраас. Сүүлийн үеийн тоо баримт надад байна л даа.Монгол Улсын 5-14 настай хүүхдүүдийн 17 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Гэхдээ хөдөлмөр эрхэлдэг гэдэгт хөдөө аав ээж, эмээ өвөөдөө тусалж байгаа, эсвэл гэрийнхээ ажлыг хийдэг хүүхдийг оруулаагүй.Энэ нь мөлжлөг маягтай, урт хугацаанд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд орж байгаа юм. Хамгийн наад зах нь бичил уурхайд их олон хүүхэд ажилладаг. Тэд сургууль, цэцэрлэгт явахгүйгээсээ гадна эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Яагаад гэвэл дандаа хортой бодистой ажилладаг. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд энэ мэтчилэн эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирох эрсдэлд ордог.

Олон улсын судалгаагаар хүүхэд сургуульд явахгүй, хөдөлмөр эрхлэх юм бол насанд хүрсэн хойноо ядуу амьдарна гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд сургуульд явахгүй, боловсрол эзэмшихгүй, халамж анхаарлаар дутвал ирээдүйн бүтээлч иргэн болж чадахгүй. Тэгвэл Монголын хүүхэд багачууд бүгд эрүүл саруул өсч хөгжин, бүтээлч, хариуцлагатай иргэн болж төлөвшихыг бид бүгд хүсч байгаа нь ойлгомжтой. Тэгж байж улс орон хөгжин дэвшдэг. Хүүхдүүд маань эрүүл, боловсролтой байж, аюулгүй орчинд өсч хөгжих ёстой. Морь унаач хүүхдүүдийн тухайд хэлэхэд манай НҮБ-ын Хүүхдийн сан ажиллаж байгаа улс орныхоо соёл уламжлалыг ойлгон хүндэтгэдэг.

Бид үндэсний хэмжээний байгууллагуудад хууль, журам, бодлого гаргахад нь олон улсын мэдлэг туршлагаар дэмжиж ажилладаг. Нөгөө талаас үндэсний хэмжээний энэ хууль тогтоомж, бодлого нь олон улсын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд анхаардаг. Гэвч энэ бол манай байгууллагаас гаргасан дүрэм биш. Дэлхийн бүх улс орнууд НҮБ-ын хүний эрхийн конвенциудад нэгдэн орсон байдаг. Түүнийхээ дагуу хүний эрхийг хангах, хамгаалах үүрэг хүлээдэг. Бага насны хүүхдээ морь унуулаад, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж, бэртэж гэмтэхийг ямар ч эцэг, эх хүсэхгүй. Мориноос унаад хүнд хөнгөн гэмтэл авсан тохиолдол бий. Бүр насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болоод эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй амь насаа алдаж байсан ч тохиолдол гарсан. Үүнийг зөвтгөх хүн байхгүй нь ойлгомжтой. Бид ийм тохиолдол бүү гараасай л гэж хүсч байгаа.

Манай байгууллагын байр суурь бол ердөө хүүхдийн аюулгүй байдлыг хангая аа л гэж байгаа юм. Хүүхэд бүр эрүүл саруул байх, аливаа муу бүхнээс хамгаалагдах эрхтэй. Үүнтэй эцэг, эх бүр санал нийлэх байх. Тиймээс бид хүүхдийн төлөөх үндэсний байгууллагуудтайгаа хамтарч хүүхдийн морь унах насны хязгаарыг дээшлүүлэх чиглэлд ажилладаг. Морины уралдаан бол эрт үеэс уламжлагдан ирсэн Монголын сайхан өв уламжлал гэдгийг бид сайн ойлгож байгаа. Тиймээс бид түнш байгууллагуудтайгаа хамтран хүүхдээ илүү сайн хамгаалахын төлөө л ажиллаж байна. Яагаад гэвэл хүүхдийн үндсэн эрх бол эрүүл байх, хамгаалагдсан байх эрх шүү дээ.

Би энэ ажлаа хийж яваад хань ижлээ,аз жаргалаа олсон

-Та Монголд ирээд хэр идээшиж байна. Хэцүү нь юу байна. Хөдөөгүүр яваад нүүдэлчин амьдралын талаарх таны төсөөлөл өөрчлөгдсөн үү?

-Монголд ажиллах болсноо азтай завшаан гэж олзуурхдаг.Тиймээс ч сэтгэл маш их өндөр байдаг. Би хөдөө орон нутгаар олон удаа ажлаар аялж байлаа. Миний үзсэн газар бүр маш үзэсгэлэнтэй байсан. Монгол орны хаана ч очсон сүрлэг сайхан санагддаг. Монгол хүмүүсийн эрч хүч, энергиэс харахад ч хүчтэй ард түмэн гэдэг нь харагддаг. Байгалийн хувьд үнэхээр биширмээр. Хамгийн гол нь гар хүрээгүй онгон дагшин гэдгээрээ ....Энэ сүрлэг байгалийн дэргэд хүмүүс бид өчүүхэн мэт санагддаг.Би Монголын өвөлд их дуртай. Манай найзууд намайг их гайхдаг.Монголын өвөл хүйтэн шүү дээ гээд. Миний хувьд өвөл хурдан болоосой гэж хүсдэг. Нэг санаа зовоож байгаа зүйл гэвэл энэ сайхан байгаль нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж өөрчлөгдөж байгаа явдал.

Тийм учраас манай НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэгэн бодитой ажил хийнэ гэж бодож байгаа. Мэдээж нэг л өдөр би Монгол орныг орхиод явна. Тэр хүртэл би Монголын ард түмний төлөө, ялангуяа хүүхдүүдийн төлөө тодорхой хэмжээнд юм хийж байгаадаа сайхан байна. Монгол орон гэхээр гурван зүйл нүдэнд минь харагддаг.Тэр нь машинаар хөдөө явахад олон цаг давхиад байгаа хэрнээ нэг ч хүн харагддаггүй. Тэр их уудам тал нутгаар давхиж явахад үнэхээр сайхан. Бас Хөвсгөлийн Ринченлхүмбэ, Цагааннуур сумын байгаль нь гайхамшигтайгаас гадна тэнд амьдарч байгаа цаатангуудын амьдралынхэв маяг үнэхээр сонирхолтой.

Цаатан айлд хүрэхийн тулд маш олон цаг явж хүрдэг. Гурав дахь нь гэр хорооллын амьдрал.Өвлийн тэсгим хүйтэнд усаа зөөж байгаа хүүхдүүдийн дүр зураг миний санаанаас ерөөсөө гардаггүй. Хүнд савтай ус тавьсан тэргээ цас мөс,халтиргаа гулгаа ихтэй зам дээр арай ядан түрээд явж байхад хажуугаар нь тэнэмэл нохой хуцаад л. Тэр байдлыг хараад Монголын хүүхдүүдийн төлөө бид илүү их хөдөлмөрлөх ёстой юм байна гэж бодогддог.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Миний ажлын дийлэнх цаг албан өрөөндөө өнгөрдөг. Ер нь ихэвчлэн багийнхантайгаа уулзаж цаашид хийх ажлаа төлөвлөж ярилцдаг. Миний хувьд үнэхээр мундаг хамт олонтой. Манай багт Монголын шилдэг мэргэжилтнүүд ажилладаг. Миний ажлын нэг гол хэсэг бол асуудлыг шийдэх. Ерөнхийдөө ажлаа чиглүүлэх нь миний гол үүрэг байдаг. Сардаа хэдэн өдрийг гаргаад, Налайх, Баянзүрх гээд манай хөтөлбөр хэрэгжиж байгаа газрууд дээр очиж байгууллагуудынхаа түншүүдээс гадна миний ажлын гол үйлчлүүлэгч болох хүүхдүүдтэйгээ бас тэдний гэр бүлийнхэнтэй уулзаж, ажил маань хэрхэн явагдаж байгаатай танилцах зэрэгт зориулдаг. Чөлөөт цагийн хувьд маш бага гардаг. Амралтын өдрөөр чөлөөт цаг гарвал салхинд алхах, эсвэл ном унших дуртай.

-Гэр бүл тань таны ажлыг илүү сайн ойлгодог байх?

-Би эхнэртэйгээ байдаг.Одоохондоо бид хүүхэдгүй. Эхнэр маань Өмнөд Солонгосын иргэн. Монголд их дуртай. Яагаад гэвэл Солонгос, Монгол улсын харилцаа их ойр байдаг учраас. Эхнэр маань надтай адил хөдөө явж Монголын сайхан байгальд аялах дуртай. Тийм болохоор бид аль болох хотоос гарч, хөдөө агаарт гарахыг хичээдэг.

-Та тэгвэл солонгос хэл мэддэг байх нь ээ? Өөр бас хэдэн хэл мэддэг талаар чинь асуумаар санагдлаа?

-Солонгос хэл сурч байгаа. Хадам ээж маань намайг солонгос хэл сур гэдэг юм. Ер нь бол би англи, франц, герман, испани, итали хэлээр ярьдаг.

-Хүүхдийн төлөө ажиллаад маш их урам бас аз жаргалыг мэдэрч байдаг гэж та нэгэнтээ хэлсэн. Бас насан туршийн ханиа олжээ. Өөрийнхөө шунан дурласан энэ ажлынхаа сайхныг үгээр илэрхийлээч гэвэл та юу хэлэхсэн бол ?

-Тиймээ, би энэ ажлаа хийж явахдаа хань ижлээ олсон. Индонезид ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцсан юм. Өөрийнхөө ажлыг илэрхийлэх юм бол би олон улсын нүүдэлчин. Яагаад гэвэл бид хаа явах газраа сонгодоггүй. Биднийг томилдог. Өөрөөр хэлбэл, хаана хэрэгтэй байна тийшээ явж ажилладаг. Тийм болохоор нүүдэлчин шиг олон газар ажиллаад явдаг. Бас биднийг хүүхдийн төлөө үйлчилгээ үзүүлдэг хүмүүс гэж болно. Миний ажил, хувийн амьдрал хоёрыг салгахын аргагүй. Би өөрөө хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах энэ замыг сонгосон. Мэдээж насан туршдаа энэ ажлаа хийх болно.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Б.Туул

Хуваалцах