С.Батзаяа: Чухал гэсэн салбаруудтай эн зэрэгцэх байгууллага бол олон нийтийн радио телевиз
АНУ-ыг зориод ирсэн ММ агентлагийн захирал С.Батзаяатай АНУ-ын Олон нийтийн телевиз хэрхэн ажилладаг талаар ярилцлаа.
Мэдээллийн алба

АНУ-ыг зориод ирсэн ММ агентлагийн захирал С.Батзаяатай АНУ-ын Олон нийтийн телевиз хэрхэн ажилладаг талаар ярилцлаа.
- ММ агентлагийн хэсэг уран бүтээлч АНУ-ыг зориод ирлээ. Яг ямар шугамаар явж ирсэн талаар ярилцлагаа эхэлье?
-Бид хоёр жилийн өмнө АНУ-ын Төрийн департаментад хандан, тус улсын телевизүүдийн туршлагыг судлах хүсэлт тавьсан юм. Яагаад гэвэл бид АНУ-тай нэг үнэт зүйлтэй, нийгмийн тогтолцоо ижил учраас сайн ажиллаж байгаа, туршлагатай олон нийтийн телевизтэйн хувьд АНУ-ын Олон нийтийн телевизийн туршлагыг судлах хэрэгтэй гэж бодсон. Дэлхийд сайн ажиллаж байгаа Олон нийтийн телевизийн нэг. Бид NHK, Дойче Велли телевизүүдийг мэднэ. Харьцуулалт хэрэгтэй байлаа. Хүсэлтийг АНУ-ын Төрийн департмент хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн хэдий ч өнгөрсөн жилийн дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн хойшлуулахад хүрсэн л дээ. Харин он гарснаас хойш тус улсын Элчин сайдын яам бидний хүсэлтийг дэмжиж өгөхийг Төрийн департментдаа дахин санал болгосноор ажил хэрэг болж сая дөрөвдүгээр сард зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 12 хоног урилгаар яваад ирсэн. Мэдээж урилгаар гэдэг нь бидний байр, хоол, унааны зардлуудыг АНУ-ын талаас бүрэн хариуцсаныг онцлон хэлмээр байна. ММ-д зориулж хийгдсэн “АНУ дахь Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” нэртэй хөтөлбөрийн дагуу би ахлаад Ахлах редактор Д.Оргил, Ерөнхий найруулагч В.Бөхчулуун, найруулагч Н.Чингис, Гадаад мэдээний тоймч Б.Түвшинжаргал, нэвтрүүлэгч Б.Ганбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй Америкийн телевизүүдтэй танилцаад ирлээ.
-Тус хөтөлбөрийн хугацаанд телевизүүдтэй танилцах боломж нь хэр байсан бэ?
-Хөтөлбөрийн хугацаанд Олон нийтийн телевизийн төв оффисууд, мужийн, орон нутгийн, хотын телевизүүд хэрхэн ажиллаж байна, тэр тусмаа мэдээний агентлаг хэрхэн ажиллаж мэдээ үйлдвэрлэж байгаа, явуулж байгаа бүтэц, санхүүжилт удирдлагын бодлого, менежментийн арга барил ямар байна, энэ талаар хангалттай сайн танилцсан.
-Тэндхийн Олон нийтийн телевизийн бүтцийн онцлог?
- Олон нийтийн радио, олон нийтийн телевиз, мэдээллийн байгууллага гэсэн үндсэн гурван нэгжтэй. Манай Үндэсний зөвлөл шиг ажилладаг эрх бүхий корпорацитай юм билээ. Энэ нь хувийн байгууллага бөгөөд том том байгууллагад ажиллаж байсан нэр хүндтэй, туршлагатай хүмүүсээс бүрддэг. Энэ корпораци нь санхүүг нь зөв хуваарилах, зарцуулалтад хяналт тавьж ажиллаж байна. Телевиз нь өөрөө нэвтрүүлгээ хийдэггүй, уран бүтээлийг худалдаж авдаг. Студид концертийн бичлэг хийх, техникийн ажилчид, удирдлагын, гадаад харилцааны ажилчид ажилладаг. Олон нийтийн телевизээр нэвтрүүлгээ гаргана гэж өрсөлдөж хамгийн сайн гэсэн нэвтрүүлгүүд ирдэг. 2015 онд манай сүлжээнд хүүхдийн нэвтрүүлэг манай эфирийн 11 хувийг эзлэх боллоо гээд зарлачихаар тэндхийн нэвтрүүлэг бэлтгэдэг продакшнууд бүтээлээ явуулна. Продакшн нь бараг компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэндээс шалгаруулж авна. Нэг нэвтрүүлэг бэлдээд радио, телевиз, вэб сайтын гэсэн гурван хэлбэрээр бэлтгэж өгдөг. Телевизтэй үнээ тохирлоо, нийлүүллээ. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, мөн өрсөлдөөнийг бий болгоод хамгийн сайн чанартай нэвтрүүлэг олон нийтийн телевизээр гарч байна. Бүтцийн ийм онцлогтой байна. NHK телевизэд Уран сайхны зөвлөл нь шалгаруулаад хамгийн шилдгийг нь энэ нэвтрүүлгийг санхүүжүүлье гээд тэр санхүүжилтээр нь тухайн продакшн нэвтрүүлэг хийж нийлүүлдэг. Америкт мөн л энэ зарчмаар явж байна. Манайд “Байгаль орчны хүрээлэн” гээд төслийн нэвтрүүлэг энэ зарчмаар эхэлж байгаа.
- АНУ-д Олон нийтийн телевизээ хэр үзэж байна. Мэдээж олон телевиз үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа CNN гэх мэтийн мэдээллээр дагнадаг хүчтэй телевиз байхад Арилжааны телевиз яаж өрсөлддөг вэ?
-Олон нийт гэдэг бол бүх насныханд хүрч үйлчилдэг. Хүүхдүүд, өвөө эмээ нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид гээд бүх насныханд хэрэгцээтэй мэдээллийг өгдөг. Жишээ нь, хөдөө малчид радиогоороо цаг агаарын мэдээг сонсдог, телевизээрээ ноолуурын ханшийн мэдээлэл үзэх гэх мэт. Бүх насны хүмүүсийн хэрэгтэй мэдээллийг өгдөг учраас олон нийтийн телевиз хэн миний үзэгч вэ гэдэг нь ойлгомжтой. Хуульд захирагдаад ажиллахад ч ойлгомжтой. Бид сард 1100 төгрөгийн татвар авдаг. Энэ мөнгийг хэлтэй амтай, хэрүүлтэй гуйлгуулж өгдөг. Үзэгчид 1100 төгрөгөөр муу хэвлэлттэй телевизийн хөтөлбөртэй сонин л авдаг. Өнөөдөр кино театрт нэг кино үзэхэд дөрвөөс зургаан мянган төгрөг. Гэтэл бүтэн сар орой бүр сайн орчуулгатай, мэргэжлийн дуу оруулгатай нэг ч рекламгүй кино үздэг. Олон нийтийн телевизээр /өдрийн киног эс тооцвол/ сард гарч байгаа 30 киноноос нэг ч кино үзэхгүй айл өрх гэж байхгүй гэж би хувьдаа боддог. Тэгвэл 1100 төгрөг бол тэр үзсэн нэг киноны төлбөр гэж бод л доо. АНУ-д бид жирийн татвар төлөгч айлд хөтөлбөрийн хүрээнд очсон. Тэгэхэд тэдний телевизээр манай “Залуу зохион бүтээгч” шиг хүүхдийн зохион бүтээх сэтгэхүйг дэмжих зорилготой нэвтрүүлэг гарч байсан. Энэ нэвтрүүлгийг манай хүүхэд үзэх дуртай тиймээс би хүүхдийнхээ өмнөөс татвар төлдөг гэж хэлсэн. Тэнд хуулиараа бол хүн хүссэн хэмжээгээр өгдөг, хандив гэдэг утгаараа хэмжээг нарийн зааж өгөөгүй. Гэтэл манайд бол би үздэггүй гээд загнадаг. Үнэндээ тэр өөрөө үздэггүй ч ээж нь ч юм уу, гэр бүлийн аль нэг гишүүн нь үздэг. Үзэгчид нь манай өрхөөс хэн нэгэн нь үздэг, тиймээс татвар төлөх ёстой гэдэг сэтгэхүй америкчуудад гүнзгий суусан. АНУ-д үзэгчид нь олон нийтийн радио телевиздээ итгэдэг. Хэзээ ч худлаа мэдээлэл өгөхгүй гэж боддог учраас цаашдаа итгэх итгэлдээ төлж байна гэсэн ойлголт хүн бүрт төлөвшжээ. Үндэсний онцлогийг харуулсан олон ангит кинонд зөвхөн хандив өргөж байгаа судалгаа хүртэл байна.
-Жишээ болгож зарим судалгааны дүнгээс сонирхуулбал?
-Олон ангит кино үздэг, хүүхэд нь хүүхдийн нэвтрүүлэг үздэг учраас, миний ээж, аав мэдээ үздэг, би кино, зөвхөн цаг агаарын мэдээгээ үздэг учраас гэж хэдэн хувь нь татвар төлсөн гэсэн судалгааны дүн байна. Ийм байдлаар татвар төлөгчдийн итгэл үнэмшил харагдаж байна. Дараах байгууллагуудаас алинд нь хамгийн түрүүнд итгэх вэ? гэдэг санал асуулгаар Америкт олон нийтийн телевиз хамгийн их буюу 42 хувьтай гарчээ. Ямар нэг зүйлийн тухай ярихад энэ дүнгээс харахад АНУ-д иргэд нь олон нийтийн телевизэд итгэдэг нь тодорхой харагдаж байна. Хуулийн байгууллагад 25 хувь, арилжааны телевизэд 16 хувь, сонин 12 хувь, кабелийн телевизэд 11 хувь, Холбооны засгийн газарт 10 хувь, Конгресст 6 хувь итгэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ бол энэ жилийн судалгааны дүн. Бас нэг сонирхолтой судалгаа байна. Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой газар аль гэж боддог вэ? гэсэн судалгаанд оролцогчид нэгдүгээрт Батлан хамгаалах салбарт 23, хоёрт PBS буюу олон нийтийн телевизэд 19, (өөрөөр хэлбэл холбооны засгийн газраас мөнгийг нь батлаад өгөх ёстой гэж үзсэн) коллежийн оюутнуудад туслах холбоонд 10, нийгмийн хамгааллын салбарт 10, хүнсний аюулгүй байдалд 9, гүүр хурдны замд 9 , хар тамхинаас сэргийлэхэд 8, байгаль орчины салбарт 7, ХАА-н салбарт 4 хувь гэж бидний маш чухал салбаруудтай олон нийтийн радио телевизээ харьцуулж татвар төлөгчид нь боддог байна.
-Манайд хүмүүс Олон нийтийн телевизийг арилжааны телевизтэй харьцуулдаг шүү дээ?
-Харин тийн. Монголд олон нийтийн телевизийг арилжааны телевизтэй харьцуулдаг. Тэгвэл олон нийтийн телевиз үндэсний аюулгүй байдал, ХАА, эрүүл мэнд гэх мэт хамгийн чухал гэсэн салбаруудтай эн зэрэгцэх байгууллага бол хэвлэл мэдээллийн байгууллагаас зөвхөн олон нийтийн радио телевиз. Үндэсний аюулгүй байдал яригдахад яагаад олон нийтийн радио телевизэд хамаатай гэдгийг үзэгчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Үндэсний дархлаа, хэлний соёлын дархлаа, хүүхдийн хүмүүжил сургалтын асуудал зайлшгүй Олон нийтийн радио телевизтэй холбогддог. Арилжааны телевизээр гарч байгаа “Зөн билгийн тулаан” гэдэг нэвтрүүлэгтэй харьцуулж болохгүй.
-Мэдээний агентлагийн хувьд туршлага судлахад ялгаатай зүйл байна уу. Ажил хэрэг болгохоор санаа юу байв?
-Зарчмын ялгаа байхгүй байна. Гэхдээ техникийн хувьд, хүн хүчний хувьд ялгаатай байна. АНУ-д бол хангалттай, хүрэлцээтэй техниктэй байна. Хангалттай олон хүн тэнд ажиллаж байна. Манай “Цагийн хүрд” шиг “News Hour” нэг цагийн мэдээллийн хөтөлбөрт 100 гаруй хүн байнгын, 80 гэрээт сурвалжлагч нийт 180 хүн ажиллаж байна. Мэдээний агентлаг нь тусдаа биеэ даасан удирдлагын бүтэцтэй. Манайх ч гэсэн ингэж ажилладаг. Харин санхүүгийн 15 хувийг төв телевизээсээ авдаг үлдсэнийг өөрсдөө олоод өөрсдөө захиран зарцуулдаг. Үүнийг манайх авч хэрэгжүүлнэ гэсэн үг биш л дээ. АНУ бол 200 жилийн ардчиллын түүхтэй, 40 гаруй жилийн Олон нийтийн статустай туршлагатай телевиз. Мэдээж олон хувилбарыг л туршаад энэ шийдэлд хүрсэн биз.
Мэдээний “Ажилтай монгол” буланг Хаан банк ивээн тэтгэлээ гэхэд энэ бол хамтын ажиллагаа гэж үздэг. Харин Хаан банк тэнд байрлаж байна та мөнгөө хадгалуулаарай гэвэл энэ сурталчилгаа болно. Аль ч улсын зар сурталчилгааны хуульд тодорхой заасан байдаг. Манайд үзэгчдийн ойлголт муугаас хамтын ажиллагааг далд сурталчилгаа гээд байдаг. Радио телевизийн мэдээний хөтлөгч, телевизийн алдартай хүмүүс нь хуваарь гаргаад өөрсдөө айлаар явж нэвтрүүлгийнхээ хураамжийг яагаад төлөх ёстойг тайлбарлаж уриалдаг. Энэ маркетингийнхаа үр дүнд хуулиар авах ёстой мөнгөө сайн цуглуулж чаддаг. Мөн хандивын арга хэмжээнүүдийг маш сайн зохион байгуулж байна. Хандив тусламж гуйсан хүмүүс их ханддаг. Энэ бүх хүмүүсийг ОХУ-ын ОРТ нэгтгээд телевизийнхээ дэргэд сан байгуулаад, энэ сангийн нэр дээр тоглолт зохион байгуулж, олсон орлогыг нь манайд хандсан тэдэн хүүхдийн эмчилгээнд зориулж байна гээд нэвтрүүлэг хийдэг. Эмчилгээний өмнө дараа нь гээд. Ингэхээр хүмүүсийн нүдэн дээр мөнгөө төлж үзсэн тоглолтын үр дүн ил харагдана. Мөн телевиз өөрөө нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж байна. Эргээд татвар төлөгчдөд итгэл үнэмшил бий болгоно. Иймээс би энэ телевизийг үзсэн үзээгүй сайн зүйл хийдэг учраас мөнгөө төлөх ёстой гэсэн ойлголт хүн бүрт суудаг. Олон нийтийн итгэлийг бэхжүүлнэ гэдэг нь мэдээ гаргаад хүн үзсэндээ гэхээсээ илүү зохион байгуулалттай, зорилготой үйл ажиллагаа хийх, нээлттэй ил тод байх. Ийм л ажлыг эхлүүлье гэж бид ноднингоос хойш судалж байгаа. Одоо төлөвлөгөө гаргаж энэ ажлаа эхэлнэ. Сая америкт очоод өөрсдөө үзээд ирлээ.
-Энэ ажлыг Монголын хөрсөнд буулгахад ер нь хэр бол?
-Энэ ажлыг хэрэгжүүлэхэд биднээс шалтгаалах нь наян хувь. Үзэгчидтэйгээ илүү ойртож ажиллах, хуулиа таниулах, ОНРТ-ийн тухай ойлголтоо өгөх, дархлаагаа бий болгох гээд. Бусдаас хорин хувь шалтгаална. Энд шударга бус өрсөлддөг арилжааны телевизүүд, арилжааны телевизүүдийг хуулиар зохицуулахгүй, өргөн нэвтрүүлгийн хууль гаргахгүй байгаа хууль санаачлагчид, төсөв мөнгөний тухай ерөөсөө ойлгодоггүй улс төрчдийн асуудал, тэр байтугай АНУ-д олон нийтийн телевиз байхгүй гэж чуулган дээр ярьж байсан их мэдэгч гишүүнтэй. Уучлаарай Олон нийтийн телевизгүй улс гэж байхгүй. Ер нь радио ямар хэрэгтэй юм гэж ярьдаг улс төрч байдаг. Тэгвэл радио үндэсний аюулгүй байдалтай холбогддог. Хөдөөгүүр нэг тарсан малчидтайгаа харилцаж байгаа нэг харилцаа радио.
- Тэгвэл ижил зүйл...?
-Олон нийт юу хүсч байгааг сонсоод, мэдрээд ийм л мэдээг олон нийтийн гэж хэлнэ гэдэг зарчим бол адил байна. Арилжааны телевизүүд шуурхай байдлыг илүү барьж хэний сонирхлыг татах вэ, хаана шуугиан байна тэрийг чухалчилдаг бол олон нийтийн телевиз бол шуурхай байх хэдий ч бодитой байх зарчмыг илүү баримталдаг үүгээрээ яг адил явж байна. Бодитой байна гэдэг нь шийдвэр гаргагчид болон ард түмний дундах гүүр байх, хүний эрх, эрх чөлөө ардчиллын үндсэн зарчмуудад тулгуурласан сэдвүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод үндэсний цөөнх, эдийн засгийг бүрэлдүүлж байгаа үйлдвэрлэгчид, малчид гэх мэт бүхий л давхаргыг хамарсан мэдээллийг хүргэдэг . Татвар төлөгчдийн мөнгөөр тэдэнд зориулсан мэдээ мэдээлэл хүргэнэ гэсэн бодлого нь адилхан байна.
- АНУ-ын мэдээний архивлалт хадгалалтыг талаар сонирхуулбал?
-Мэдээж компьютерийн архив байна. Гэхдээ хальсаар архивлахаа илүүд үзэж найдаж байна. Энэ тал дээрээ бид бас тийм ч зөрүүтэй биш байна. Хальсны архив нь номын сангийн зохион байгуулттайгаар коридорт бүх хальс сэтгүүлчдэд нээлттэй байна. Хальс нь түгжээтэй саванд байж, хальсыг ашиглахын тулд хэн нэгэн даргын гарын үсэг шаардлагагүй тийм зарчим үйлчилж байна. Мэдээж тэр хальсыг аваад гарах ухамсартай хүн байхгүй, мөн бүгд бар кодоо уншуулаад л хэрэглэдэг.
- Техникийн хувьд давуу тал байгаа нь ойлгомжтой. HD рүү бүрэн шилжсэн байна уу?
- Олон нийтийн телевиз нь 2015 он хүртэл төсвөө Конгрессоороо батлуулсан байна. Энэ дотор HD шилжих ажлыг хийх төсөв гэж тусдаа байна. Тиймээс одоо ч гэсэн тэднийх HD-д бүрэн шилжиж дуусаагүй байна. HD рүү шилжих ажил нь 80, 90 хувьтай явж байна. Радио телевизийнхээ тоон технологит шилжих үлдсэн ажлаа хийж байна. Бидний төлөвлөснөөр тоон технологит шилжихэд хөндлөнгийн ямар нэг саад тотгор гарч ирээгүйсэн бол долоодугаар сарын 1 гэхэд дуусах ёстой байлаа. Харамсалтай нь манайд бол дамжуулах газар нь тусдаа, төрийн мэдлийнх, дээрээс нь хөрөнгө оруулалтын асуудал зарим тодорхой шатанд шийдэгдэхгүй байгаагаас долоодугаар сард тоон технологит шилжинэ гэдэг биднийг сандрааж байна. АНУ-д HD-д шилжих ёстой гэдгээ ойлгоод жил бүр хөрөнгө оруулалтаа хийгээд явсан байна.
- Ярилцсанд баярлалаа.


















