Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Дэмбэрэл: Хавтгайруулсан халамжтай эдийн засаг бол бидний бүтээсэн 25 жилийн түүх

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 9 минут
С.Дэмбэрэл: Хавтгайруулсан халамжтай эдийн засаг бол бидний бүтээсэн 25 жилийн түүх
С.Дэмбэрэл: Хавтгайруулсан халамжтай эдийн засаг бол бидний бүтээсэн 25 жилийн түүх. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

-2015 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна?

Төсөвт орох орлого муудсан, мөн төсвийн гол бүрдүүлэгч түүхий эдийн үнэ удаан хугацаагаар унасан, төсвийн зардлын дарамт нэмэгдсэн, төсвийн боловсруулалт болон зарцуулалтад эрс өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг харуулсан ийм үзүүлэлтүүд гарсан. Нөгөө талаас Монгол Улсын санхүүгийн төлбөрийн балансын хүндрэлтэй байдал, түүний дотор гадаад валютын нөөц гээд энэ бүх санхүүгийн үзүүлэлтүүд өөрөө хүндрээд ирэхээр улс орныг хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхэд хүргэж байна. Хэдийгээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт байгаа ч тодорхой салбаруудад уналттай байна. Энэ нь гадаад худалдааны балансад шууд тусгалаа олж байгаа. Сүүлийн саруудад гадаад худалдаа нэмэх тэмдэгтэй болсон ч худалдааны нөхцөл муудсан. Өөрөөр хэлбэл, экспортын бараа болон импортын барааны үнийн өсөлт тааруу хэвээр байгаа. Энэ бол олон жилийн архагшсан зүйл. Мөн Монгол Улсын зээлийн өрийн дарамт дараа дараагийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Энэ мэтчилэн 2015 оны макро эдийн засаг болон төсвийн байдалд гэрэл гэгээтэй харагдахгүй байгаа. Гэхдээ гэрэл гэгээгүй гээд бүгдийг хараар будаж болохгүй. Эдийн засаг гэдэг нь өөрөө амьд организм. Тэнд хүмүүс ажиллаж, баялаг бүтээж, ажлын байр бий болгож байдаг. Баялаг бүтээгчдийг дэмжих бодлого хэрэгтэй байгаа учраас Ерөнхий сайд “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гурвантаа давтахаас гадна, энэ хүндрэлийг даван туулахын тулд нийгмээрээ хүчин чармайлтаа нэгтгэх, ялангуяа улс төрийн хүчнүүд нэгдсэн нэг зорилготой байх ёстой гэсэн үүднээс хэлсэн.

-Ерөнхий сайдын хэлсэн үгээс мөнгөний бодлого чангарах юм байна гэж ойлгогдсон. Энэ зөв үү?

Төсөвт мөнгөний бодлогыг хооронд нь уялдуулна гэдэг чухал. Төсвийн зохистой бодлого явуулснаар мөнгөний бодлогын 2015 оны батлагдсан зорилтууд хэрэгжинэ. Учиргүй мөнгөний бодлогыг хатуурах талаар яриагүй. Төсөвтэй уялдуулан мөнгөний бодлогыг шинэ байдлаар өөрчлөх талаар ярьсан. Хэдийгээр дурдаагүй ч гэсэн шууд ард түмний амьдралтай холбоотой инфляцийн түвшин, худалдан авах чадвар гээд өрхөд ирж байгаа эдийн засаг ачаалал нэмэгдэж байна. Тийм учраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Хөнжил маань богино байхад бидний хүсэл урт хэвээрээ байна. Тиймээс хүслийнхээ жагсаалтыг тайръя. Түүнийг төсвөөсөө эхэлье гэдгийг хэлсэн шүү дээ.

-Төсвийн таналтыг түлхүү нийгмийн халамжийн салбарт хийхээр болж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хавтгайруулсан халамжтай эдийн засаг гэдэг бидний бүтээсэн 25 жилийн түүх. Түүхий эдээс хамааралтай манай улсын эдийн засаг сайн байхад бид цамаан зан гаргаж, хүслийнхээ жагсаалтыг маш урт болгож, ингэснээр өөрсдөө өөрсдийнхөө аажмаар мөхөөх ийм бодлогуудыг хийж байсан. Үүнд шүүмжлэлтэй хандаад эдийн засгийн зохистой бодлогоос гадна нийгмийн зохистой бодлого явуулах шаардлагатай гэдгийг онцлоод хэдэн жишээ авсан. Тухайлбал, хүүхдийн мөнгө. Ардчилсан нам хүүхдийн мөнгийг тэдний ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг утгаар нийгэмд тайлбарлаж, хавтгайруулан олгосон. Эдийн засгийн хүндрэлтэй үед хавтгайруулан олгохын оронд зорилтот бүлэгт олгоё гэж байгаа хэрэг биш. Ерөөсөө концевцээрээ зөв байсан юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ бол хөрөнгө оруулалт биш гэдгийг би өмнө нь хэлж байсан удаатай. Тиймээс зорилтот бүлэгт олгох ёстой гэсэн саналыг гаргаж байсан. Энэ санал маань дэмжигдсэнд баяртай байна. Одоо хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхдэд өгч байгаа. Статистикийн ангиллаар 0-15 насыг хүүхэд гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхтэй хүн амыг тооцоолохдоо 1.2 сая. Үүнд 15-аас дээш насныхан ордог.

Тэгэхээр хүүхдийн мөнгөнд хамрагдах насыг багасгах хэрэгтэй гэсэн үг үү?

Тийм. 0-18 гэсэн насыг багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголын эдийн засгийг хэрэглээнийх нь бүтцээр 20:20 хувиар таван бүлэгт хуваалаа гэхэд хамгийн ядуу хэсэг нь 8.3 хувь. Түүний дараа арай илүү, түүний араас дунд хавьцаа гээд ядуу болон ядуувтар хэсэг ерөнхийдөө 38 орчим хувь байгаа. Тэр 38 хувьд хамаарч байгаа хүмүүсийн хүүхдүүдэд халамж өгөх ёстой. Чинээлэг хэсэг гэж бий. Мөн дээр нь арай чинээлэг хэсэгтэй. Энэ хүмүүсийн хүүхдүүдэд өгөөд байх хэрэггүй. Ингэснээр хүүхдийн мөнгө гэдгийн утга учир нь зорилтот бүлэгт жинхэнэ байдлаар хүрэх юм. Мөн нөхцөлтэйгөөр ингэж өгсөн мөнгө хүүхдийн хөгжил талаас илүү байх болно. Харин үүнээс илүү гарсан мөнгийг цэцэрлэг, эмнэлэгт зориулъя гэж би өмнө нь хэлж байсан. С.Дэмбэрэл гэдэг хүн хүүхдэд хайргүйдээ биш, хайртай учраас ийм санал гаргасан.

Ер нь нөхцөлт мөнгөн шилжүүлгийг Дэлхийн банк болон бусад улс орнууд, Латин Америкт амжилттай хэрэгжүүлсэн. Энэ нь “Та ямар нэгэн халамжийн шилжүүлгийг нийгмээс авч байгаа бол оронд нь өөр нэг зүйл өгөх ёстой” гэдэг. Тэтгэвэрт гарсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл оюутан байсан ч эргээд заавал хариу өгөх ёстой гэсэн үг. Тухайлбал оюутны 70 мянга. Цаашид энэ мөнгийг бүх оюутан авахгүй. Ямар нэг шаардлага хангасан болзолтойгоор авна. Энэ бол зөв. Эндээс мөнгө хэмнэгдэнэ шүү дээ.

-Та Ерөнхий сайдын чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг дэмжиж байгаа гэж ойлголоо. Төрийн албан хаагчдыг 15 хүртэл хувиар цомхтгох тухайд ч гэсэн дэмжиж байгаа юу?

-Холимог байр суурьтай байгаа. Төрийн албан хаагчдын орон тоог 15 хувиар бууруулснаар засаглал цомхон болно гэхээс илүүтэйгээр замбараагүй байдал үүсэх талтай. Засаглалыг сайжруулах зорилгоор буюу төрийн данхар бүтцийг танах үүднээс хийх гэж байна. Хэрвээ данхар бүтцийг таналаа ч гэсэн засаглалын үр ашгийг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхгүй бол явахгүй. Төрийн албан хаагчид гэхээсээ илүү төрийн засаглалын үр ашгаа дээшлүүлээсэй гэж бодож байна. Мэдээж тодорхой арга хэмжээ сая авлаа. Улаанбаатар хот дөрөв, таван орлогчтой байсныг болиуллаа. Иймэрхүү зүйл явагдана. Гэхдээ үүнийг зорилго болгоод арван хэдэн мянган хүнийг ажлаас хална гэсэн зүйл яриагүй байх. Ийм зүйл хийгдэхгүй байх гэж бодож байна. Ер нь төрийн албыг төрлийн алба, намын алба болгосон энэ байдлыг халах ёстой юу гэвэл тийм. Мөн төрийн албыг намтай хольдог шууд болон далд байдлыг зогсоох хэрэгтэй. Хүн халахаасаа өмнө гэсэн үг шүү.

-Монгол Улс одоо хаанаас мөнгө олох вэ. Гаднаас зээл авч, мөнгө босгоё гэхээр өрийн дээд хэмжээ нь тулчихаад байдаг?

-Яг одоо бариад авчих мөнгө Монгол Улсад алга. 2016, 2017 онд бондын эргэн төлөлт төсвийн зарлагад нэлээд дарамт болж нэмэгдэнэ. Тийм учраас Монгол Улс өрийн удирдлагын тухай хуультай болох ёстой. Үүнийг яаралтай батлах зайлшгүй шаардлага бий. Харин дараа нь маргаан болоод буй ДНБ-ий хувь, өрийн харьцаа хоёр ямар хэмжээнд байвал зохилтой вэ гэдгийг тодорхой болгох ёстой юм. Яг өнөөдрийн байдлаар бонд гаргахаас өөр арга байхгүй. Энэ нь өрийн таазад жинтэйгээр нөлөөлөхгүй. Бид нэг хэсэг гадаад зээл, тусламж авахгүй хэмээн сагсуурсан. Монгол Улс дундаас дээш орлоготой боллоо, мөдхөн дундаж орлоготой болно, нэг хүнд ногдох ДНБ төчнөөн ам.долларт хүрнэ хэмээн баахан сагсуурсан. Тэр үед бид олон улсын санхүүгийн байгууллага болон түншүүдээ алдсан. Тэдний бидэнд хандах хандлагыг ойлгомжгүй, тодорхойгүй болгосон. Гэтэл Монголын иргэдийн 30 орчим хувь нь ядууралтай, нийгмийн асуудалтай, эмнэлэг, цэцэрлэг дутагдалтай л байна.

-2015 оны төсвийн тодотголыг өргөн барилаа. Тодотголоор дээр хэлсэн төлбөрийн тэнцлийн хямралаа шийдэж чадах болов уу?

-УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэнчлэн “Хэн нь хэн бэ” гэдгийг төсвийн тодотголоор гаргах ёстой. Хэн хэнийгээ хочлохдоо гол нь бус 2015 оны эдийн засаг яаж харагдах вэ, энэ төсвөөр юу шийдэх вэ гэдгийг тодорхой болгох ёстой юм.

Хоёрдугаарт, ард түмэнд хайртай болж асар олон нийгмийн асуудлыг ярих юм уу, хүнд байгаа эдийн засгийнхаа бодит асуудлыг шийдэх үү гээд олон асуулт урган гарч байна. Энгийнээр хэлбэл нэг нэгнээ популист гэж дуудсаар байх уу л гэсэн үг. Ер нь популист гэдэг үгийг нэг нэгэндээ хэлээд хочлоод байх шаардлага байхгүй. Тодорхой асуудлаар ойлголтын зөрүүнүүд байдаг. Сүүлийн үед ажиглаад байхад тойргоо ил тодоор яриад байдаг гишүүд багассан. Тойрог хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ яг одоо биш. 2016 болон 2017 оноос ярьж болно.

-Парламентад суудалтай улс төрийн намууд хамтарч Засгийн газар байгуулж, сайд, дэд сайдуудын албан тушаалын хувааж томилсон. Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо ч гэсэн ингэж явах уу?

-Төрийн нарийн бичгийн даргыг сайд болон дэд сайдын зарчмаар улс төрийн намууд тохирч томилж байгаа нь буруу. Хуульдаа ч заасан байгаа шүү дээ. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Харин Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн жинхэнэ албан хаагч. Тэр утгаараа яамны бүхий л ажлыг хийдэг. Сайд бол парламентад салбарын хууль, бодлогыг тодорхойлдог бол Төрийн нарийн бичгийн дарга түүнийг нь хэрэгжүүлдэг албан тушаалтан. Тиймээс энэхүү албан тушаалыг наймааны объект болгож болохгүй. Ийм зүйл далдуур болохыг үгүйсгэхгүй.

-Олон нийтэд хүрч буй мэдээллээс харахад танай намаас Төрийн нарийн бичгийн даргад хүн томилохгүй бололтой.

-Хэрвээ ИЗНН “Сайдын суудал өгсөнгүй” гээд гараад явсан бол албан тушаалын төлөө байжээ гэсэн дүгнэлтийг олон нийт хийнэ. Бидэнд албан тушаал чухал биш гэдгийг хэлсэн. Хамтарч байгаад Үндсэн хуулийг өөрчлөх үү, өөрчилье, эдийн засгийн хүндрэлээс гарах уу гаръя. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг энэ бүгд дандаа манай намын ярьдаг байсан асуудал. Энэ утгаар нь бид хамтарч ажиллая гэж орсон. Түүнээс ганц дэд сайдын суудал байлаа ч яалаа. Өөрөөр хэлбэл, ийм тэнэг нам байж болохгүй биз дээ. Нэг дэд сайдын төлөө үнэт зүйлээсээ ухардаг. Гэтэл үнэт зүйл маань хамтарч хийх ажлууд байгаа учраас түүнийг нь голлож бид эвсэлд орсон юм. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд ИЗНН харагдахгүй ч гэсэн бүтэц дотор нь ганц, нэг хүн явж байх нь илүүдэхгүй. Манай намын боловсролтой, чадалтай хүмүүс нь ороод хийе гэж байсан ажлаа хийж байсан нь дээр. Хамгийн гол нь 2012 онд байгуулагдахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт маш олон ажил хийхээр оруулсан. Ногоон хөгжил гэхэд одоо бодит ажил хэрэг болоод явж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол бол­лоо гээд бид хийж байсан ажлаа орхихгүй, парламентын түвшинд үргэлжлүүлээд явна. Эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн орчин, инфляци зэрэг асуудлууд яригддаг. Энэ бүхнийг хийхийн тулд хамтарч байгаа.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ Сэтгүүлч Б.Даваатогтох

Хуваалцах