С.Мөнхбат: Бидэнд шинжлэх ухаан технологи инновацийн салбарыг хөгжүүлэх бодит төлөвлөгөө байгаа
-Инноваци гэдэг шинэ мэдлэг бүтээж, шинэ онол гаргах асуудал биш юм. Харин аливаа нэг зүйлийг шинэ арга барилаар хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин уламжлалт аргаар хийж ирсэн юмыг илүү хялбаршуулаад, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх шинэ санаа шийдэл олохыг инноваци гэдэг. Хуучин бол “шбо
Мэдээллийн алба

-Инноваци гэдгийг хүний тархины бүтээгдэхүүн гэж ойлгодог. Монголчууд бид байгалийн баялаг зэрэг бэлэн бүтээгдэхүүнээр улс орны хөгжлийг тодорхойлж ирсэн үе өнгөрч, инновацийн салбарыг хөгжүүлэхийг зорих болжээ?
-Инноваци гэдэг шинэ мэдлэг бүтээж, шинэ онол гаргах асуудал биш юм. Харин аливаа нэг зүйлийг шинэ арга барилаар хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин уламжлалт аргаар хийж ирсэн юмыг илүү хялбаршуулаад, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх шинэ санаа шийдэл олохыг инноваци гэдэг. Хуучин бол “шбос” буюу шинэ бүтээл оновчтой санал шүү дээ. Инновацийн тухай ойлголтыг нийгэм даяар мэддэг болж.
Үүний илрэл бол жил бүр зохион байгуулагддаг “Инновацийн долоо хоног” юм. Энэ ажил нь Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн бодлого баримтуудыг хэрэгжүүлэх, үр дүнг нийтэд хүргэх сурталчлах зорилготой. Сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх, инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох чиглэлээр бодлогын томоохон алхмуудыг хийж эхэлсэн. Хууль эрх зүйн орчны хувьд Шинжлэх ухааны технологийн тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Засгийн газраас инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох журам, төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр гээд бодлогын бодлогын зорилтууд гаргаад ажиллаж байна.
-“Инновацийн долоо хоног” арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд таван жил болжээ. Энэ хугацаанд инновацийн салбарт нэвтрүүлсэн шинэ бүтээл юу байна?
-Тухайлбал, өнгөрсөн онд шилдэг инновацийн бүтээгдэхүүн шалгаруулах журмыг БСШУСЯ-наас боловсруулж Засгийн газраар батлуулсан. Энэ журмын хүрээнд Монгол Улсын хамгийн шилдэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, инновацийн шилдэг үйлчилгээ гэсэн хоёр төрлөөр шалгаруулалт явуулсан. Шилдэг бүтээгдэхүүнээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн малын шимэгч хорхойг устгадаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь хүртсэн. Үйлчилгээний салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Ай түүлс” компанийн дата сервис шалгарсан. Үндэсний хэмжээнд IT-гийн үйлчилгээ үзүүлдэг компани.
-Инноваци гэдэг нь заавал бүтээгдэхүүн нэрлэж байна уу?
-Инноваци гэхээр заавал бүтээгдэхүүн биш юм. Үйлчилгээ ч байж болно. Жишээ нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Энэ бол инноваци. Гаргаж байгаа бүтээгдэхүүнээ иргэдэд ойр болгох шинэ хэлбэрийг л хэлж байгаа юм. Одоо гэхэд Засгийн газар иргэн төвтэй үйлчилгээг зарлачихсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойр, гэрээсээ төрийн үйлчилгээ авдаг боломжуудыг олгох чиглэлд инновацийн шилдэг үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаар ажиллана
-Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байна. Энэ хуулиудын гол үзэл санаа, энэ салбарт нэвтрэх шинэ ажил юу вэ?
-Нэмэлт өөрчлөлтийн гол зүйл бол нэгдүгээрт, инновацийн харилцааг бэхжүүлэхэд олон улсын түвшинд хэрэглэгддэг нэр томьёоны ойлголтыг нэг мөр энэ хуулиар цэгцэлж өгсөн. Хоёрт, инновацийн тогтолцоог бэхжүүлэхэд зөвхөн төр бодлого гаргаад зогсохгүй их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудын бодит оролцоог нэмэгдүүлнэ. Жишээ нь, инновацийг үйлдвэрлэж байгаа хувийн байгууллага гарааны компаниараа дамжуулаад бараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахдаа өөрсдөө хувьцаа гаргаад IPO босгож санхүүжилт олох боломжийг энэ хуулиар зохицуулж өгч байна. Энэ мэтчилэн инновацийн тогтолцоонд оролцож байгаа талуудыг өргөн хэмжээнд оролцуулах тусам энэ тогтолцоо бэхжинэ гэж үзэж байгаа. Ингэснээр нийгэм эдийн засагт шинжлэх ухаан технологийн салбараас оруулах хувь нэмэр өснө гэж харж байна.
-Энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах бас нэг зүйл нь гадаад харилцаа болов уу. Инновацийн өндөр хөгжилтэй улс орнуудаас туршлага хуримтлуулахад хэр анхаарч байна вэ?
-Бид шинжлэх ухааныг инновациас салгах аргагүй. Инновацийг шинжлэх ухаанаас салгаж болохгүй. Тэгэхээр хамтад нь авч үздэг. Шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын гадаад харилцаа хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимжиж байна. Бидний амьдарч байгаа эрин үед аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярьж байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун бүтээж эхэлж байна. Шинжлэх ухаан технологийн ололт амжилт минут секундээр хэмжигдэж байна. Монголчууд энэ цаг үед хэрэглэгч эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу явахын тулд өрсөлдөх чадвартай капитал буюу хүний нөөцийг бий болгох явдал юм. Мэдлэг эзэмшин инновацийг амьдралд нэвтрүүлэх мэдлэгээрээ шинэ инноваци бүтээдэг хүнийг бий болгож байж Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Тэгэхээр энэ чиглэл рүү бид анхаарах ёстой. Энэ хүрээнд сүүлийн үед Засгийн газар, шинжлэх ухаан технологи инновацийн салбарт зарцуулах төрийн дэмжлэгийг 2020 оноос нэмэгдүүлэх талаар зорьж байна. 2020 оноос төсвийн санхүүжилт нэмэгдвэл энэ салбарт ажиллаж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд маань илүү үр бүтээлтэй ажиллаж эхэлнэ. Үүнийг хөгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь санхүүжилт байдаг. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын донор байгууллага, Засгийн газар хоорондын Оросын суурь шинжлэх ухааны сан, Хятадын шинжлэх ухааны сан, Солонгос, Японы сангуудтай хамтарч ажиллаж байна. Тэдэнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж, хөгжингүй орнуудын шинэ төсөл шинэ инновацийг Монголд нутагшуулах, хамтарсан инноваци гаргах чиглэлээр манай эрдэмтэд амжилттай ажиллаж байгаа. Манай эрдэмтдийн олон олусад хэвлүүлсэн бүтээлийн тоо өсч байгаа нь амжилттай ажиллаж байгааг илтгэнэ.
-Тэгвэл энэ салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн дэргэдэх гарааны компаниуд шинэ мэдлэг, инновацийг бий болгодог. Тэр шинэ мэдлэг инновацийг хамгийн гол нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудал тулгамдаж байна. Энэ дэд бүтцийг бий болгоход төр засаг, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага яаж хамтарч ажиллах вэ гэдгийг долоо хоногийн үйл ажиллагаа тодорхойлох юм.
-Энэ салбарын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Бидэнд шинжлэх ухаан технологи инновацийн салбарыг хөгжүүлэх бодит төлөвлөгөө байгаа. Нэгд, эрх зүйн орчныг таатай болгоё. Ингэхээр манай эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд ажиллах таатай орчинтой болно. Монголчуудын потенциал өндөр. Тиймээс ирэх жилээс Шинжлэх ухааны парк байгуулахаар төлөвлөсөн. Паркийн тухай хууль санаачлан боловсруулж байна. Хууль батлагдчихвал шинжлэх ухааны парк байгуулах нөхцөл бүрдэнэ. Эхний ээлжинд парк байгуулах газраа БХБЯ, Төв аймгийн захиргаа, ЗТХЯ-тай ярьж байна. Шинээр нисэх буудал баригдаж байгаа Хөшигийн хөндийд 500 га газрыг товлочхоод байна. БНХАУ- аас паркийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Парк байгуулснаар Монгол Улсын шинжлэх ухаан инновацийн салбарт хамгийн то жинхэнэ оюунлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ.
-Хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?
-ТЭЗҮ боловсруулах зардалд 2 тэрбум төгрөг орчим шаардлагатай. Том парк байгуулах ажилд 60 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа.
-Салбар бүрт парк байгуулах тухай манайхан ярьдаг. Ажил хэрэг болсон тохиолдол өнөөдөр хүртэл алга. Тэгэхээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай паркийг барьж ашиглалтад оруулна гэдэгт эргэлзэж байна.
-Бидэнд ажиллах таатай орчин хөшүүрэг хэрэгтэй байна. Манай эрдэмтэд чадалтай. Шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах хөрөнгийг Засгийн газар, УИХ-аас гаргасан тогтоолд ДНБ-ий нэг хувьд хүргэх зорилготой. Одоо бол 0.16 хувь л байгаа.


















