Серб улс Хойд Македонид коронавирусний эсрэг вакцинууд бэлэглэлээ
Серб улс Хойд Македонид коронавирусний эсрэг вакциныг бэлэглээд байна. Өчигдөр 2 улсын хил дээр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Македони улсын Ерөнхий сайд Заевт Пфайзер компанийн хөгжүүлж
Мэдээллийн алба

Серб улс Хойд Македонид коронавирусний эсрэг вакциныг бэлэглээд байна. Өчигдөр 2 улсын хил дээр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Македони улсын Ерөнхий сайд Заевт Пфайзер компанийн хөгжүүлж гаргаж авсан коронавирусний эсрэг 4860 тун вакцин хүлээлгэн өгсөн байна.
Сербийн тал Хойд Македонид коронавирусний вакцины нөөцөөсөө 8 мянган тунг бэлэглэнэ хэмээн амласан билээ. Гэхдээ вакцины реэкспорт хийх асуудлаар Пфайзер компанитай яриа хэлэлцээ хийх нь амаргүй байсан учир амлалтдаа хүрэхэд хүндрэл гарч байсан ч эм бэлдмэл үйлдвэрлэгч компани Сербийн эрх баригчдын саналыг эцэст нь зөвшөөрснөөр ийнхүү хойд Македони бага ч гэсэн вакцинтай болоод байна.

Хойд Македони улс коронавирусний эсрэг нийт 1,6 сая тун вакцин захиалсны тал хувь нь Пфайзер компанитай шууд хийсэн гэрээний дагуу авах вакцин юм. Харин үлдсэн хэсгийгээ ДЭМБ-ийн хөтөлбөрийн шугамаар хүлээн авч иргэдээ дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэвч вакцины үйлдвэрлэл нийлүүлэлттэй холбоотой саатлаас болж өнөөдөр тус улс нэг ч тун вакцин хүлээн авч чадаагүй байсан юм.
Харин Сербийн хувьд хүн амынхаа тоотой харьцуулсан вакцинжуулалтаараа Европ тивдээ тэргүүлж байгаа юм. Белград Хятадын Синофарм компанийн хөгжүүлсэн нийт сая гаруй тун вакциныг хэдийн хүлээн аваад байгаа юм. Мөн Оросын Спутник Ви вакцинаас ч аваад байгаа билээ. Үүнээс гадна Москватай Спутник Виг улс орондоо үйлдвэрлэж Европын бусад улс орнуудад нийлүүлэх яриа хэлэлцээ хүртэл хийж байгаа юм.


















