Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг өнөөдөр "Корпорэйт конвеншн центр”-т зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг өнөөдөр "Корпорэйт конвеншн центр”-т зохион байгуулж байна. 2008 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн тухайд хэлэлцэж,тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц хайхад зорилго чиглэж байна. Наймдугаар форум өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Стив Сауеэр, Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд урилгаар оролцож байна.

"Сэргээгдэх эрчим хүчний наймдугаар форум”-д Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ илгээснийг Сайдын ахлах зөвлөх Ц.Баярбаатар танилцуулсан юм. Уг мэндчилгээнд "Сүүлийн жилүүдэд Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил болон гадна дотны компаниуд идэвхтэй оролцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Эрчим хүчний салбарт шат ахин хөгжиж байна.Өнөөдөр Монгол улсад Цогтцэций салхин станцын барилга байгууламжийн ажил ид өрнөж, хоёр дахь том оврын Салхин станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн оны сүүлээр Дарханы 10МВт ын Нарны цахилгаан станцыг улсын комисс хүлээн авч, Төвийн бүсийн Эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэллээ. Мөн энэ онд багтаж Сайншандын 54 МВт-ын салхин станц, Моннарангийн 10МВт-ын Нарны станцын барилга угсралтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

2016 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Сэргээгдэх эрчим хүчийг зохистой байдлаар хөгжүүлнэ”, Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтанд "2023 он гэхэд нийт суурилагдсан чадлын 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, мөн эрчим хүчний аюулгүй байдлыг шинэ эх үүсвэр байгуулж шийднэ” гэж заасныг үндэслэн ажиллаж байна. Гэвч асуудлууд байна. СЭХ –ний горим тооцоолол, диспетчерийн зохицуулалт, цаашилбал валютын ханшны зөрүү зэрэг асуудлуудыг бид шийдэхээр ажиллаж байна.

Манай Засгийн газар хөрөнгө оруулагчийн тогтвортой байдлын хүрээнд урьд урьдын хийсэн гэрээг хүндэтгэн Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжин ажиллаж байна. Мэдээж Монгол Улс нүүрсний нөөцөөр баян учраас нүүрсний ордод тулгуурласан экспортын зориулалттай том оврын станц барихаар төлөвлөж, үүнд СЭХ-ийн эх үүсвэрээс тодорхой хувийг дамжуулахаар гэрээ хэлэлцээр хийлээ.

Цаашилбал, бид дотоод хэрэглээгээ хангасны дүнд Эрчим хүч - ялангуяа Зүүн хойд азийг хангах боломжтой сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан экспортлох чиглэлээр ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран Азийн сүпер сүлжээний судалгааг хийж эхлүүллээ. Энэ нь өөрөө бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжийг нээх юм.” хэмээн дурьдсан байлаа.

Эрчим хүчний яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн чиг хандлагын талаар форумд оролцогчдод мэдээлэл хийсэн юм. Үүний зэрэгцээ Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл, үнэ тарифын талаар илтгэл тавьсан нь форумд оролцогчдын анхаарлыг багагүй татаж байлаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, мөрдөж байгаа үнэ тарифын зөрүүг хэрхэн шийдэх, цаашид Монгол Улсад том хүчин чадлын сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих боломж бололцоо хэр байгааг форумд оролцогчид сонирхож байсан юм. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форумд Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомжийн биелэлт, эрчим хүч хэмнэх нөхцөл бололцооны талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Форумын үеэр сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлж байгаа компаниуд өөрсдийнхөө бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах, хамтран ажиллах, санал солилцох зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний наймдугаар форум салбар хуралдаанууд, эрдэм шинжилгээний бага хурал, хот доторх аялал гэсэн хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форумыг зохион байгуулж буй ажлын хэсэг энэ үеэр хэлэлцүүлсэн хэлэлцүүлэг, санал, санаачилга зэргийг нэгтгэн тайлан боловсруулж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд танилцуулах юм байна.

Хуваалцах