“Севилья” клуб 3-р байрт дэвшлээ
“Севилья” клуб “Рамон Санчес Писхуан” аренадаа “Эйбар” клубыг хүлээн авч, улирлын 3 дахь тоглолтдоо оролцлоо.
Мэдээллийн алба

Нарлаг Испанийн шилдэг багуудын нэг “Севилья” клуб “Рамон Санчес Писхуан” аренадаа “Эйбар” клубыг хүлээн авч, улирлын 3 дахь тоглолтдоо оролцлоо. Энэ тоглолтын эхний гоолыг Нолитогийн дамжуулалтаар Бразил хагас хамгаалагч Гансо хаалганд оруулжээ. Энэ улирал Монтенегро довтлоч Стеван Иоветичийг орлон “Севилья” клубын үзүүрийн довтлогчоор тоглож байгаа Франц залуу Виссам Бен-Йеддер 2-р үеийн 76 дахь минутад Пабло Сарабиягийн дамжуулалтаар гоол оруулж, тооны харьцааг 2:0 болгон өөрчилжээ.
Энэ жил өөрийн улсдаа, төрөлх лигтээ эргэн ирсэн 30 настай Испани довтлогч Нолито энэ тоглолтын сүүлийн мөчид шинэ багийнхаа төлөөх эхний гоолоо оруулж, Эдуардо Бериццо дасгалжуулагчтай “Севилья” клуб 3:0-ийн харьцаатай ялалтыг авчээ. Андалузын баг улирлын эхний 3 тоглолтдоо 2 хожиж, 1 тэнцээд байна. Тэд одоогоор 7 оноотой хүснэгтийн 3-р байрт эрэмбэлэгдэж байна.


















