Шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлнэ
"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн удирдлага БНХАУ-д ажиллаж, газар тариалангийн салбарт эдийн засгийн үр өгөөжтэй шинэ дэвшилтэт техник,
Мэдээллийн алба

"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн удирдлага БНХАУ-д ажиллаж, газар тариалангийн салбарт эдийн засгийн үр өгөөжтэй шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтот ажлын хүрээнд зүтгэх хүчний техникийн автомат жолоодлогын систем /GNSS/, ургамал хамгааллын бодис, бордоо цацах #дрон техникүүдийг энэ оны тариалалтаас өмнө оруулж ирэхээр үйлдвэрлэгч нартай харилцан тохиролцож санамж бичиг байгууллаа.
"Shanghai AllyNav Technology" компанийн үйлдвэрлэдэг автомат жолоодлогын систем нь өндөр нарийвчлалтай "Beidou" хиймэл дагуулын системийг ашиглан тээврийн хэрэгслийг автоматаар удирдаж, төлөвлөсөн замаар жолоодох боломжийг олгодог байна. БНХАУ-д сүүлийн 6 жил борлуулалтаараа тэргүүлж байгаа бүтээгдэхүүн юм.
Тус системийг нэвтрүүлснээр ачаалал, ядралтыг 80 хувь хөнгөлөх, техникчийн өдрийн ажлын бүтээмжийг 20-30 хувь нэмэгдүүлэх, шатахууны зарцуулалтыг 20 хувь хүртэл хэмнэдэг зэрэг дагуу талтай.
"Shenzhen Hetai Nongchuang Aviation Technology" компанийн үйлдвэрлэдэг Eagle Brother дрон нь бүх төрлийн тарималд ургамал хамгааллын бодис, бордоог цаг алдалгүй түргэн шуурхай, урсгал зардал багатай цацах боломжийг олгодог давуу талтай юм. Бид энэ жил дрон техникийг Монгол Улсын ХАА-н салбарт нутагшуулах, тариаланчдад ашиглаж сургах зорилгоор салбаруудад байршуулан түрээсээр үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна гэж Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас мэдээллээ.




















