Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл
"Намайг сонсооч" богино хэмжээний уран сайхны киног “Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе” уриатай бүтээж, нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Тайз, дэлгэцийн урлагийн салбарт баримтат кино, уран сайхны кино, телевизийн шоу энтертайнмент нэвтрүүлэг, реклам сурталчилгааны чиглэлээр сүүлийн 16 жил ажиллаж байгаа “Үжин тайж студи” НҮТББ энэ оны ээлжит уран бүтээл болох "Намайг сонсооч" богино хэмжээний уран сайхны киног “Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе” уриатай бүтээж, нээлтээ хийлээ.
Уран бүтээлчдийн баг хамт олны зүгээс нийгмийн хариуцлагын үүднээс санаачлан бүтээсэн энэхүү уран бүтээл сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тухай өгүүлсэн анхны богино хэмжээний уран сайхны кино бөгөөд уг киноны гол дүрд болон кино бүтээх явцад сонсголын бэрхшээлтэй иргэдийг оролцуулан хамтран ажиллажээ.
Монгол Улсын хүн амын гурван хувь буюу 12000 орчим иргэн сонсголын бэрхшээлтэй гэсэн албан бус тоо байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл бөгөөд Монгол Улсад дохионы хэлмэрч дутагдалтай байна. Дохионы хэлийг сурч эзэмших, түүний ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгон дэмжсэнээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд кино багийнхан киногоор дамжуулан нийтийн ойлголт хандлагыг өөрчлөхөд хувь нэмэр оруулжээ.
Продюсер Н.Заяа, найруулагч О.Батмөнх нарын бүтээсэн “Намайг сонсооч” богино хэмжээний уран сайхны киноны гол дүрд нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагч Д.Эрхсаран тоглосон бөгөөд зөвлөх багшаар дохионы хэлний докторант Б.Саранчимэг ажилласан байна.


















