Стокхольм хотод амьдарч буй монголчууд хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ
Бяцхан үрсийн инээд хөөр цалгисан, авьяастнуудын шилдэг тоглолт, халуун дулаан талархалтай энэхүү баярын мэдээллийг Швед улсаас манай сурвалжлагч Р.Хишиг-Алдар ирүүллээ.
Мэдээллийн алба

Стокхольм хотын монголчууд Хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Бяцхан үрсийн инээд хөөр цалгисан, авьяастнуудын шилдэг тоглолт, халуун дулаан талархалтай энэхүү баярын мэдээллийг Швед улсаас манай сурвалжлагч Р.Хишиг-Алдар ирүүллээ.
1952 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс энэ баярыг 66 дэх жилдээ тэмдэглэж байгаа. Тэгвэл Хилийн чинадад сурч, амьдарч байгаа хүүхдүүдийн төлөөлөл болох Шведийн нийслэл дэх монгол багачууд ээж аав, багш нарын хамт уг баярыг хөгжөөн баясалтай тэмдэглэн өнгөрүүллээ.
“Жаргалтай гэр бүлийн Жаргалтай хүүхдүүд” гэсэн энэхүү арга хэмжээнд Стокхольм хотод үйл ажиллагаагаа явуулдаг сургалтын төв, хөгжмийн дугайлангийн авьяаслаг хүүхдүүд шилдэг номероо үзүүлснээс гадна саяхан тус хотод зохион байгуулагдсан “Бяцхан Мисс-2018 Стокхольм” уралдааны шилдэг охидын үзүүлбэрүүд баярын бас нэгэн чимэг болсон байна.
Бүжгийн багш Ж.Баярнэмэхийн дэглэлт “Ээж минь та”, “Цаатан хүүхдүүд”, “Макарена”, “Журай Гэлдэн” зэрэг зохиомжит бүжгээс гадна “Бяцхан Мисс” охидын “Шигшрэгийн ай”, “Гурван тоорой”, “Хөх Монголын Үрс” дуу мөн балетийн гоцлол, уран нугаралт зэрэг номерууд үзэгчдийн халуун алга ташилт хүртэж, өнгө өнгийн цэцэгсийн баглаагаар шагнуулсан юм.
Тус урлагийн өдөрлөгийг Эх хэл соёлыг хөгжүүлэх “Төгс Билэгт” төвөөс санаачлан зохион байгуулсан бөгөөд Швед дэх Монголчуудын холбоо, “MoD” сургалтын төв, “СлаваФото” студи болон хувь хүмүүс, эцэг эхчүүд дэмжин оролцлоо.


























