Сүхбаатар дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг Даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А71 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нар нээж, дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлаа дээшлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт зохион байгуулалтыг сайжруулах, аж ахуй нэгжүүдийн хүн, хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангахад үзлэг шалгалтын чухлыг онцлоод, амжилт хүслээ.
Энэ хүрээнд дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн анги, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100 аж ахуй нэгжийг хамруулан зохион байгуулж байна. Үзлэг, шалгалтаар гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг, ослын үед ажиллах ур чадвар, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.
Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.



















