Тагтаа тэжээмэл амьтан биш
Дэлхий дээр 300 гаруй зүйлийн тагтаа байдгаас манай улсад 8-9 зүйлийнх байдаг. Гандангийн тагтаан дээр аваад үзэхэд жилдээ 4-6 удаа үрждэг бөгөөд нэг удаа хоёр өндөг гаргадаг.
Мэдээллийн алба

Тагтааг хооллохгүй байх, будаа зарахгүй байх захирамж гараад жил гаруйн нүүр үзэж байна. Захирамж гаргаад Гандантэгчинлэн хийд орчмоор тагтаа цөөрсөн эсэхийг бид сурвалжиллаа.
Гандангийн баруун хаалгаар ороход өмнө нь бужигналдаж байдаг тагтаа харагдсангүй. Будаа цацаагүй нөхцөлд тагтаа энд байхгүй нь ойлгомжтой л доо. Харин урд хаалгаар нь гарангуут явган хүний зам дээр тагтаа хооллож байсан бяцхан охинтой таарав. Охины гартаа барьсан будаа руу шунаж, өөр рүү нь авирах шахам байгаа тагтаанууд харагдана. Байгалийн жамаар хоолоо олж иддэг амьтныг бид өнөөдөр ийм болгочихож. Англи улсад тагтаа хооллохыг хориглодог бол Сингапурт амьтан хооллох нь бүү хэл хог хаявал манайхаар 100 мянга гаруй төгрөгөөр торгуулаад зогсохгүй дээр нь гурван долоо хоногийн турш өдөр бүр хоёр цаг хог цэвэрлэх шийтгэлтэй байдаг гэнэ. Гэтэл манайд буян хийж байгаа нэрээр будаа цацаж, тагтаа хооллох үзэгдэл нь наанадаж л хотын цэвэр цэмцгэр байдал, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Халдварт өвчин тээдэг амьтдаас хархны дараа буюу хоёрдугаарт бичигдэх амьтан тагтаа гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн биологич Б.Оюунбат “Тагтаанаас хүнд халдварласан өвчний тохиолдол гараагүй учраас энэ талаар хийсэн дэлгэрэнгүй судалгаа манайд байдаггүй. Гэхдээ тагтаа 60 гаруй төрлийн өвчний халдвар тээдэг. Ихэвчлэн сангасаар нь дамжин халдварладаг бөгөөд сангас нь мөөгөнцөр үүсгэж, түүнээс амьсгалын замын өвчин халдварлах аюултай. Дэлхий дээр 300 гаруй зүйлийн тагтаа байдгаас манай улсад 8-9 зүйлийнх байдаг. Гандангийн тагтаан дээр аваад үзэхэд жилдээ 4-6 удаа үрждэг бөгөөд нэг удаа хоёр өндөг гаргадаг” гэсэн юм. Тиймээс тагтаа хамгийн олноор байдаг сүм хийдэд тагтаанд будаа өгөхийг хориглоод багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүнд нь Гандангийн хашаанд байсан тагтаа үгүй болсон ч гадаа гудамжинд, явган хүний зам, айлын хашаанд байсаар байна.
Будаа зардаг хүний олонх нь хүүхэд
Гандангийн хашаан дотор согтуу эмэгтэй будаа барьчихсан сууж байснаа цагдаа харангуут ханцуй руугаа хийчихлээ. Цагдаа очиж шаардлага тавьсан боловч хэлэх үгийг нь тоосон шинжгүй, будаа зараагүй гэж мэлзэв. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нарлаг дахь дэд хэсгийн XVI хорооны цагдаа С.Баясгаланбаатартай уулзахад тэрбээр “Нийслэлд тагтаанд будаа өгөх, зарахыг хориглосон. Гэтэл энэ хүмүүс зараад л байна. Зарим нь амьжиргаандаа зарцуулж байна. Зарим нь будаа зарж олсон орлогоороо архи ууж асуудал гаргадаг. Тагтаа тэжээмэл амьтан биш. Байгалийн амьтан шүү дээ. Нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ авахгүй бол энэ хүмүүс будаа зарсаар л байх болно. Зөвхөн хорооны цагдаа нар хянаж өдөр бүр хөөгөөд дийлэхгүй байна. Энэ хорооныхоо нутаг дэвсгэрийг харах ажилтай бид өдөржин будаа зардаг хүмүүсийг хянаж, Гандангийн үүдэнд өнжих боломжгүй. Будаа авахгүй гэж байхад нь хүмүүсийн халаасанд хийчихээд мөнгө нэхдэг, хулгай хийдэг, хүмүүс будаа авахгүй бол элдэв бусаар доромжилдог гээд энэ хүмүүс асуудал их гаргадаг. Гэтэл тэдний дунд талх, сүүнийхээ мөнгийг олох гэж яваа хүн ч бий. Хөөж явуулсан ч хэсэг байж байгаад дахиад л хүрээд ирдэг. Захиргааны хариуцлагын хуулийн 42.2-т зааснаар 5000 төгрөгөөр торгох ёстой. Гэсэн ч талх, сүүний мөнгөө олох гэж байгаа хүнд торгуулийн мөнгө байхгүй шүү дээ. Нийслэлд нэгдсэн нэг арга хэмжээ авахгүй бол нэг хорооны Засаг даргын захирамж хэрэгжихэд төвөгтэй байна. Эсвэл иргэдийг будаа худалдан авдаггүй болгох хэрэгтэй“ гэлээ. Будаа зардаг 35-37 хүн цагдаад бүртгэлтэй байдгаас ихэнх нь 7-15 насныхан” гэлээ. Гандангийн ойр орчмын дэлгүүрт будаа зарахыг хориглосон албан бичиг хүргүүлж, наасан ч даллаганы будаа гэж зардаг учраас тэдгээрийг хорьж цагдах боломжгүй ажээ.
Гандангийн урд хаалганы тушаа гадаа гудамжинд явган хүний зам тагтааны өд сөд, сангас, будааны уут хогоор дүүрчээ. Түүнийг цэвэрлэж байсан Хот тохижилтын ажилтан “Гандангийн тагтааг явган хүний зам дээр гадаа нь хооллосноор бидний ажил нэмэгдсэн. Өглөө цэвэрлэсэн ч өдөр дахиад л бохирдчихдог. Өдөрт 2-3 удаа энэ хавийг цэвэрлэж байна. Мөн хүмүүс будаагаа зам руу цацаж өгснөөс болж тагтаа машинд олноороо дайруулж, үхэж байна. Будаа зарахаа больчихвол тагтаа алга болж бидэнд ч цэвэрлэгээ хийхэд төвөг учруулахгүй. Иргэд будаа худалдаж авахаа больчихвол энэ хүмүүсийг ч хөөх хэрэг гарахгүй байх” гэсэн юм.
Бид телевизээр “од” болтлоо гарчихсан
Будаа зардаг хүүхдүүдтэй уулзлаа. Өдөрт 2000-5000 мянгөн төгрөг олдог тухайгаа тэд хэлж байна. Хааяа 20 мянган төгрөг олдог гэнэ. Гэхдээ энэ нь их ховор гэсэн. Хүүхдүүд “Бидний ар гэрийн амьдралыг мэдэхгүй байж том хүмүүс будаа зарахаа боль гэдэг. Тагтаа шувуу муу амьтан биш шүү дээ” хэмээн ярьж байна. Хүүхдүүдтэй ярьж зогстол нэг эмээ “Будаа авах уу миний хүү. Тагтаагаа хооллохгүй бол үхээд байна ш дээ” гэх юм. Зарим нь тагтаа шувууг өрөвдөн, ил, далд хооллосоор л байгаа юм байна. Уг нь бид эрүүл мэнд, хотын цэвэр цэмцгэр байдлаа эрхэмлэвэл тагтааг хооллохгүй байх хэрэгтэй.
Э.Ариунзаяа


















