Тоглолтын өмнө: "Ливерпүүл"-"Спартак"
Тэмцээний "Е" хэсгийн онцлох тоглолт Английн "Ливерпүүл" болон Оросын "Премьер Лиг"-ийн аварга Москва хотын “Спартак” клубуудын хооронд болно.
Мэдээллийн алба

Аваргуудын лигийн тэмцээний "Е", "F", "G", "H" хэсгийн хүрээнд өнөөдөр шөнө 8 тоглолт болно. Тэмцээний "Е" хэсгийн онцлох тоглолт Английн "Ливерпүүл" болон Оросын "Премьер Лиг"-ийн аварга Москва хотын “Спартак” клубуудын хооронд болно. Москва хотын "Открытие Арена”-д болох энэ тоглолтод "Спартак"-аас Денис Давидов, Зе Луйс, Денис Глушаков, Роман Зобнин, Жано Анинадзе, Георги Тигиев нар бэртлийн улмаас оролцохгүй. Мөн багийн шилдгүүдийн нэг Күйнси Промес болон Педро Роха Невес нар талбайд гарах үгүй нь тодорхойгүй байна. Харин "Ливерпүүл"-ээс Английн шигшээ багийн хагас хамгаалагч Адам Лаллана бэртэлтэй байгаа бол бусад тоглогчид нь талбайд гарахад бэлэн байгаа юм. Багууд өмнө нь 2002 онд "Аваргуудын лиг"-ийн нэг хэсэгт багтан өрсөлдөхөд "Ливерпүүл" клуб "Спартак"-ийг Англи болон ОХУ-д болсон 2 тоглолтод хожиж байсан.
"Ливерпүүл" Английн "Премьер лиг"-ийн тэмцээний хүрээнд өнгөрсөн бямба гарагт "Лестер Сити"-г 3:2-ын харьцаатай хожоод байгаа юм. Тэдний хувьд мөн хэсгийн эхний тоглолтоо өөрийн талбайдаа "Севилья" клубтэй хийж, 2:2-ын харьцаатай тэнцсэн бол "Спартак" клуб "Аваргуудын лиг"-ийн нээлтийн тоглолтоо Словенийн "Марибор"-той хйиж, 1:1-н харьцаатай тэнцсэнээр тэмцээний "Е" хэсэгт багтан өрсөлдөж байгаа 4 баг адил нэг нэг оноотой болсон.
Өнгөрсөн жил Оросын "Премьер лиг"-т түрүүлж, 16 жилийн дараа лигийнхээ аваргын цомыг өргөсөн "Спартакчууд" одоогоор Оросын лигийн 9-р байрт бичигдэж байгаа юм.


















