Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тоглолтын өмнө: "Реал Мадрид"-"Боруссия Дортмунд"

"Аваргуудын лиг"-ийн тэмцээний "H" хэсгийн тоглолтуудын хүрээнд өнөө шөнө "Боруссия Дортмунд" 80 мянга гаруй хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар "Сигнал Идуна Парк"-даа Испанийн аварга "Реал Мадрид"-ыг хүлээн аван тоглоно.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглолтын өмнө: "Реал Мадрид"-"Боруссия Дортмунд"
Тоглолтын өмнө: "Реал Мадрид"-"Боруссия Дортмунд". Зураг: МҮОНРТ

ЕХХ-ны хамгийн нэр хүнд бүхий, хамгийн өндөр шагналын сантай, энэ тивийн шилдэг багууд өрсөлддөг "Аваргуудын лиг"-ийн тэмцээний "H" хэсгийн тоглолтуудын хүрээнд өнөө шөнө "Боруссия Дортмунд" 80 мянга гаруй хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар "Сигнал Идуна Парк"-даа Испанийн аварга "Реал Мадрид"-ыг хүлээн аван тоглоно. Энэ багуудын хувьд "Аваргуудын лиг"-ийн сүүлийн 6 улиралд 5 дахь удаагаа хоорондоо учраа таарч байгаа нь энэ юм. Сүүлийн 2 улирал "Аваргуудын лиг"-ийн "Дэлдэн чихт" цомыг хүртэж, энэ тэмцээнд дарааллан түрүүлсэн анхны баг болоод байгаа Мадридчууд "Аваргуудын лиг"-ийн сүүлийн 37 тоглолтдоо дараалан гоол оруулаад байна. Мөн "Аваргуудын лиг"-ийн бүх цаг үеийн мэргэн бууч Роналду энэ өдөр Европын тэмцээний 150 дахь тоглолтдоо талбайд гарна. "Реал Мадрид"-ын хувьд "Ла лиг"-ийн 6-р тойрогт "Реал Бетис"-т 1:0-ийн харьцаатай хожигдсон. Одоогоор тэд Испанийн лигийн 5-р байрт, лигийг тэргүүлэгч "Барселона" клубээс 7 онооны дутуутай бичигдэж байна.

Тэгвэл Петер Бошийн удирдлага дор шинэ улирлыг эхлүүлсэн "Дортмундчууд" лигийн эхний 6 тоглолтдоо 19 гоол оруулж, нэг ч хожигдолгүй "Бундес лиг"-т манлайлж байна. Гэхдээ "Дортмунд" "Аваргуудын лиг"-ийн 1-р тойргийн тоглолтдоо Английн "Тоттенхэм"-д 3:1-р хожигдсон. Германы алдарт "Боруссия Дортмунд" клуб "Аваргуудын лиг"-ийн хүрээнд өөрийн талбайдаа "Реал Мадрид"-ыг өмнө нь 6 удаа хүлээн аван тоглохдоо хожигдож байсан удаагүй. Тэд 3 хожиж, 3-т нь тэнцэж байжээ. Харин "Реал Мадрид" эхний тоглолтдоо энэ хэсгийн хамгийн сул өрсөлдөгч "Апоел"-ыг 3:0-р хожоод байгаа юм.

Хуваалцах