Ц.Оюундарь: Уран бүтээлийн экспортыг нэмэгдүүлнэ
Өнөөдөр телевизийн урлаг үүсч хөгжсөний 49 жилийн ой тохиож байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр телевизийн урлаг үүсч хөгжсөний 49 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойн өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг “Өглөөний мэдээ” хөтөлбөрийн зочноор урьж, ярилцлаа.
-Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 49 жилийн ой өнөөдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд та МҮОНРТ-д хэд хэдэн шинэчлэл хийсэн. Чухам ямар ямар ажил амжуулав. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай улсад 82 жилийн өмнө радио сонсогч түмэнд хүрсэн байдаг. Тухайн үед манай улсын нийгэмд олон ээдрээтэй зүйл тохиолдож байсны нэг нь дэлхийн II дайн юм. Ард түмэн дайны сургийг шонд өлгөсөн хар хайрцагнаас сонсож, мэдээ авна. Тэгж байхдаа радиог “Шидэт хайрцаг” хэмээн шүтдэг байж. Гэтэл тийм цаг үетэй золгоод удаагүй байхад 1967 онд өнөө шидэт хайрцаг дотор жижиг хүмүүс явж эхэлсэн. Тэр нь телевиз хэмээх зүйл юм. Тэгэхээр техник, технологийн цоо шинэ үзэгдлийг Монгол Улсад таниулсан үе байжээ. Тиймээс эдгээр түүхийг эхлүүлсэн ахмадууддаа, 49 жилийн турш үргэлжлүүлж ирсэн дунд үеийн ажилчдадаа, одоо ид авч яваа шижигнэсэн сайхан залууст, бидэнтэй үргэлж хамт байдаг үзэгчдэдээ Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 49 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хэн нэгэн ажил хүлээж авсны дараа том зорилт тавьдаг. Миний бие байгууллагынхаа Ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн цагаасаа урьд нь төр засгийн мэдэлд байсан, олон нийтийн радио телевиз болж хөгжсөнөөсөө хойш шилжилтийг тодорхой хугацаанд хийжээ. Тэгэхээр одоо бид шилжилтээ дуусгаад хөгжлийн зам руу орох ёстой гэсэн зорилт тавьсан.
-Таны бодлоор хөгжлийн гараа юунаас эхлэх ёстой вэ?
-Олон улсад телевиз хэрхэн хөгжиж байна вэ, тэр жишиг, стандарт руу ойртох ёстой. Дэлхий нийтэд нэг хэлээр ярина гэдэг сая миний хэлсэн тэр жишиг, стандартыг хэлж байгаа юм. Монгол Улсад ганцхан телевиз байдаг. Түүгээр хүүхдийн нэвтрүүлгээс эхлээд хамгийн хүнд сэдвийн мэдээ, мэдээлэл багтсан нэвтрүүлэг гардаг. Энэ холилдсон системийг өөрчлөх ёстой гэсэн үүднээс хамгийн түрүүнд “Монголын мэдээ” сувгийг олон нийтийн, мэдээ мэдээлэл, улстөр, нийгэм, эдийн засгийн төрөлжсөн байх ёстой гэсэн үүднээс бий болгосон. Дэлхий нийтийн телевизийн салбарт хамгийн чухал зүйл бол мэдээ мэдээлэл байдаг. Нөгөө талаасаа үзэгчдээ соён гэгээрүүлэх, телевизийг урлаг гэдэг талаас нь авч үзэх ёстой. Үүнийг бид үндсэн сувагтаа үлдээсэн.
-“Рио-2016” олимпийн наадмыг ч тусгай эрхийн дагуу үзэгчдэдээ хүргэсэн...?
-Тийм. Спортын дагнасан сувгийг туршиж үзлээ. Тэндээс цаашдаа спортын дагнасан суваг болох боломж байгааг харсан. Тэгэхээр бид 2017 оны төлөвлөгөөнд спортын сувгаа дагнасан байдлаар нь хөгжүүлэхээр болсон. Ер нь ингээд дагнасан байдлаар нь сувгуудаа хуваарилахаар олон сэдэв гарна. Бидэнд сургалтын буюу хүүхдийн ч суваг хийх шаардлага байна. Өнөөдөр 49 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа бид Монголынхоо өдөр тутмын мэдээ мэдээллийг дэлхий нийтэд хуваалцах үүднээс англи хэлээр нэвтрүүлдэг суваг нээх хэрэгтэй байна. Тэгэхээр хэрэгцээ шаардлага үнэхээр их юм.
-Техник технологийн шинэчлэлийн явц ямар байгаа вэ?
-Түрүү түрүүчийн Засгийн газрын үед телевиз, радиогийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Өмнөх удирдлагууд маань хөрөнгө оруулах төсөв батлуулж, “Монголын мэдээ” сувгийг HD болгосон байсан. Харин студийн хувьд хүндрэлтэй байлаа. Учир нь манай байгууллагын хуульд хувийн хөрөнгө оруулалтыг тусгаж өгөөгүй болохоор цөөн тооны эрэг шураг авах болохоороо улсын төсвийг хардаг. Тэгэхээр улс мөнгөгүй бол бидний бүх төлөвлөгөө зогсоно гэсэн үг. Харин цогцоор нь шинэчилье гэвэл нэлээн их хөрөнгө оруулалт шаардлагатай. Нэг жилийн төсөвт цөөн тооны хөрөнгө оруулалт хийгдэхээр хэсэгхэн зүйл шинэчлэгддэг. Дараа жил нь дахин туслалцаа авч, өөр хэсгийг солихоор ялангуяа техник технологи хурдтай хөгжиж буй өнөө үед өмнөх жил нь авсан тоног төхөөрөмж дараа жилийнхээсээ гологддог, элэгддэг. Тиймээс бид нэгдсэн журмаар нь шинэчилье гэсэн үүднээс нэлээн том төсөл боловсруулсан. 1967 онд буюу 49 жилийн өмнө телевизийн хуучин төв ашиглалтад ороход бүх техникийг цоо шинээр нь авч ирж байсан. Тэр цагаас хойш 20 жилийн дараа буюу 1987 онд шинэ төв ашиглалтад ороход дахин шинэчилсэн. Харин тэр мөчөөс хойш манай байгууллагын тоног төхөөрөмж дахин шинэчлэгдээгүй. Хэдийгээр бид мэдээллийнхээ агуулгад сайн анхаарлаа ч харагдах байдлаасаа муухан байхаар харамсалтай байна л даа. Өнөөдрийн түүхийг бид дүрсээр л үлдээж байна. Төр засаг шийдвэр гаргагчид сонгуулиас сонгуулийн хооронд явдаг учраас өнөөдөр бодит, материаллаг зүйлд хөрөнгө оруулаад байгаа юм. Гагцхүү оюуны бүтээл, соён гэгээрэл, хүн ардынхаа мэдлэгт хөрөнгө оруулах талд муу анхаарч байна. Үүний нэг тод жишээ бол МҮОНРТ юм. Сүүлийн дөрвөн жил орчмын хугацаанд огт хөрөнгө оруулалт хийгээгүй. Урсгал зардлыг л арай гэж баталсан болоод явж байна. Тэгэхээр шийдвэр гаргагчид бидний ярилцлагыг уншиж байгаа бол энэ талд бодолцож үзээсэй.
-Үзэгчид МҮОНРТ гэхээр нэг л их олон хүнтэй байгууллага гэж яриад байдаг. Та уншигчдад маань бодит мэдээллийг өгөөч?
-Хэвлэл, мэдээллийн салбарт өрсөлдөгч их бий. Өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 60 телевиз байна. Эдгээр арилжааны телевиз зах зээлээс мөнгө түрүүлж босгох зорилготой ажилладаг учраас том байгууллагын нэр хүндийг унагахын тулд “Та нар муу ажиллаж байхад бид сайн ажиллаж байна” гэсэн “шуум” тараадаг. Энэ бол маркетингийн хувьд байх ёстой үзэгдэл. Гэхдээ бид өрсөлдөгчид биш, хуулийн дагуу үзэгчдэд мэдээллээ хүргэх чиг үүргээрээ ажиллаж байгаа. Ажилчдын хувьд ярихад гэрээтүүдтэйгээ нийлээд 700, үндсэн 680 хүнтэй. Сувгийн хувьд танилцуулахад радиогийн дөрөв, телевизийн суваг одоогоор хоёр байгаа ч он гараад гурав болно. Мөн mnb.mn сайт ажиллаж байна. Нэг телевизийн ажилчдын дундаж тоо 80-100 байдаг бол манайх сувгууддаа хуваахаар яг л байх ёстой хэмжээндээ байгаа.
-МҮОНТ эртнээс гадаадын олон оронтой хамтын ажиллагаатай байсан. Энэ хамтын ажиллагаа одоо ямар шатандаа явна вэ?
-Мэдээж улам өргөжүүлж байгаа. 1992 онд манай телевиз Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн болсон. Үүнээс хойш байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тэр цагаас хойш Монголын олон телевиз тэр холбоонд гишүүнээр элссэн. Тэднийг анх элсэх гэж байхад нь манайх дэмжихийг нь дэмжиж ч байсан. Тэгэхээр гадаад харилцааны хувьд манайх түүхийн алтан хуудсыг бичиж байгаа. Түүнчлэн гадаадын маш олон телевизтэй гэрээтэй. Өмнө нь улс орны эдийн засаг гайгүй байх үед ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод сурвалжлагчтай байлаа. Харин одоогийн байдлаар радиогийн сурвалжлагч Бээжинд ажиллаж байна. Гэхдээ Монгол Улсын төв телевиз маань олон улсад гардаг сувагтай болчихвол ядаж урд, хойд хөрш орондоо өөрийн гэсэн сурвалжлагч байлгах талд анхаарна. Улс орнуудын харилцааны хувьд мэдээж, хамгийн түрүүнд програм солилцоо байдаг. Ази, Номхон далайн бүс нутгийн том “CCTV”, “NHK” гэх мэт телевизтэй харилцаатай байгаа.
-Танай телевизийн уран бүтээлчид саяхан гадаадад болсон тэмцээнд оролцож шагналт байрт шалгарсан. Ер нь зураглаач, сэтгүүлчдийн бүтээл олон улсын зах зээлд гарах боломж хэр байдаг вэ?
-Энэ бол бидний хийж байгаа ирээдүйн хөгжлийг харсан томоохон хэмжээний төсөл юм. Энэ төслийн амин сүнс нь таны ярьж байгаа асуудал. Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн салбарт өндөр шаардлага тавьдаггүй болохоор аль нэг булан тохойд хэн нэгэн телевиз байгуулах боломжтой. Ийм доогуур түвшинд байхаар бид дотооддоо болоод байна л гэж бодоод яваад байдаг. Гэтэл олон улсын түвшинд “Програмаа өгье, худалдъя” гэхээр техникийн шаардлага хангадаггүй. Гэхдээ манай уран бүтээлчид олон улсын тэмцээнд жил бүр бүтээлээрээ өрсөлдөн шалгардаг. Гэвч тамирчин, дуучин шиг олон нийтэд түүнийгээ сурталчилдаггүй болохоор тэр бүр хүн мэддэггүй.
-Олон улсын стандартад хүрэхийн тулд маш их санхүүжилт хэрэгтэй юу?
-Ер нь бол тийм. Олон улсын уран бүтээлчид манайхан шиг халтуурдана гэж байхгүй. Энэ стандартад нийцүүлэхийн тулд аль нэг нэвтрүүлэг нь тодорхой хугацаанд заагдсан байдаг. Жишээ нь, “Монгол” телевиз “Авьяаслаг Монголчууд” шоуг дэлхийн стандартад нийцүүлж хийж байна. Хөтлөгч нь тэдэн секунд ярих, тэддэх секундэд дараагийн план орж ирнэ гээд заасан байдаг. Энэ бүхнийг цаг, минут, секундээр олон улсаас заадаг. Дээрх нэвтрүүлгийг Филипин, Британи, АНУ-ын уран бүтээлчид хийхдээ яг л тэр стандартыг баримталдаг.
-Уран бүтээл рүүгээ эргэн ороход “16 мм” кино төсөл хэрэгжүүлсэн. Үүгээр өмнөх үеийнхээ түүхийг залуус бид мэддэг болсон. Үүнийг хийхэд нэлээн цаг хугацаа, хөрөнгө зарцуулагдсан байлгүй...?
-Манай телевизийн давуу тал бол Монгол Улсынхаа түүхийг алтан фонддоо авч үлдэх. Үүний нэг том хэсэг нь хальсны бүтээл байсан. Телевизүүд анх үүсэхдээ хальсаар бүтээлүүдээ хийдэг байсан. Учир нь радио, телевизийн дэргэд теле кино үйлдвэр байлаа. Тэр кино үйлдвэрийн бүтээл бүгд хальсаар байсан. Тэрхүү хальснууд хэрэглээнээс гараад удчихсан. Сэргээдэг төхөөрөмж ч байхгүй тул дээрх “16 мм” кино төслийг оруулж ирж, түрүүний ярьсан хальснуудыг сэргээж дижитал болгож байгаа юм. Радиогийн бүтээл ч ялгаагүй хальсанд маш ихээр хуулагдсан байдаг. Тэднийг хатаж, муудахаас өмнө мөн л дижитал болгож байгаа. Энэ бол нүдэнд харагддаг ажил биш ч маш их үнэ цэнтэй, чимхлүүр ажил ихтэй, хөрөнгө шаарддаг юм.
Телевизийн салбарт ажилладаг нийт уран бүтээлч, инженер техникийн ажилчдадаа баярын мэнд хүргэе.



















