“Цэнхэр нүдэн бүсгүй” балет олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тоглогдоно
Тус балет нь УДБЭТ-ын тайзнаа 52 дахь жилдээ тоглогдож байна. Уг бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой.
Мэдээллийн алба

УДБЭТ-ын хамт олон “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг энэ сарын 26, 27-нд тоглох гэж байна.
Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаа тоглогдож байжээ.
Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар нь Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажиллаж байжээ.
Тус балет нь УДБЭТ-ын тайзнаа 52 дахь жилдээ тоглогдож байна. Уг бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой.
Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм. Алдарт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын хөгжмийг УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхүү удирдан тоглуулж, УДБЭТ-ын залуу балетын гоцлоочид тоглон амилуулах болно.


















