Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц ашиглалтад орлоо
Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Орон сууц хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан болон дэслэг
Мэдээллийн алба

Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Орон сууц хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан болон дэслэгч генерал Ц.Бямбажав нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, орон сууцанд орж буй цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцов. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ "2011 оноос эхэлсэн орон сууцаа өнөөдөр бид хүлээж авч байна. Энэ хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулахаар идэвхийлэн ажилласан албан байгууллага, мэргэжилтэн, хувь хүмүүс болон цэрэг эрсдээ талархалаа илэрхийлэх нь зүйтэй. Ялангуяа, өвлийн хатуу ширүүн нөхцөлд манай барилга, инженерийн цэрэг эрс маань хичээл зүтгэл гарган ажиллалаа. Цаашдаа салбарынхаа хэмжээнд албан тушаалын орон сууцыг олшруулах, ялангуяа орон нутагт нэмэгдүүлэх, нийслэлд хувийн орон сууцтай болох нөхцлийг нь бүрдүүлэх бодлого баримталж байна. Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр алба хаагчдаа орон сууцтай болгохын тулд тодорхой банкуудтай хамтарч орон сууцны хуримтлал бий болгож, улмаар алба хаагчдынхаа өмнөөс баталгаа гаргаж, урт хугацааны зээлд хамрагдах боломжид нь туслах дүрэм журам гаргасан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид идэвхийлэн ажиллаж байна. Нөгөө талаас алба хаагчдаа хувийн орон сууцтай болгох хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ашиглалтад орж буй 300 айлын орон сууцыг хувьчлах, хувийн өмчид шилжүүлэхээр дүрэм журам, эрх зүйн орчныг нь сайжруулж ажиллана гэж бодож байна. Ийнхүү шинэхэн байрандаа орж буй цэргийн алба хаагчид та бүхнийхээ амьдралд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм.

Энэхүү 300 айлын орон сууцанд батлан хамгаалах салбартаа олон жил ажиллаж байгаа, орон сууцтай болох хүсэлт өргөдөл гаргасан, албан үүрэгтээ амжилттай ажиллаж байгаа цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа юм.
Өнөөдөр орон сууцтай болсон Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батням "Өнөөдөр байрандаа орж байгаадаа манай гэр бүлийнхэн баяртай байна. Батлан хамгаалах яамныхан маань цэргийн алба хаагчдынхаа анхдагч хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг богино хугацаанд шийдэж өгч байгаа талархаж байна. Ялангуяа, олон жил сунжирсан энэхүү барилгыг ухаалаг шийдвэр гаргаж богино хугацаанд ашиглалтад оруулж байна шүү дээ. Байнгын бэлэн байх үүрэгтэй цэргийн алба хаагчид бидэнд ар гэрийнхнээ ая тухтай, амар тайван нөхцөлд үлдээх болж байгаа нь сайхан хэрэг" гэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, цэргийн алба хаагчдийн 300 айлын орон сууцны барилгын ажыг “ХӨМОТЭ” ХХК 2011 онд эхэлсэн ба 2014 он хүртэл 70 орчим хувийн ажлыг гүйцэтгээд зогсонги байдалд ороод байсан.
Улмаар барилга гүйцэтгэгч “ХӨМОТЭ” компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн болон ажиллах хүчний бололцоогүй тухай мэдэгдсэний дагуу энэхүү орон сууцанд орохоор хуваарилагдсан 300 айлын эрх ашгийг хамгаалах, амьдралын нөхцөл бололцоог сайжруулах үүднээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын шийдвэрээр манай барилгын болон инженерийн цэргийн ангиуд барилгын үлдэгдэл 30 хувийн гүйцэтгэлийг гурав хүрэхгүй сарын дотор хийж гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг Зэвсэгт хүчний гурван ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийлсэн 250 гаруй залуус маань дөрвөн блок орон сууцны барилгын дотор иж бүрэн засал, цахилгаан, сантехникийн тоноглолын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Мөн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн офицер, ахлагч, энгийн, хугацаат цэргийн албан хаагчид нийлсэн 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр 120 метр шороон далан бэхжүүлэх ажил, 144 метр урт явган хүний замын ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.


















