Төсвийн тодотгол хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг танилцуулав. Ерөнхий сайд “Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,088.3 тэрбум төгрөг, тогтворжуулалтын сангийн орлого 169.8 тэрбум төгрөг, нийт орлого ба тусламжийн дүн 7,258.1 тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлагдсан. Энэ оны төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,289.1 тэрбум төгрөг болж, батлагдсан төсвөөс 799.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 6,629.8 тэрбум төгрөг болж батлагдсан төсвөөс 814.8 тэрбум төгрөгөөр тус тус буурч нийт алдагдал 340.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байгааг үндэслэн эдгээр хуулийн төслийг боловсруулсан” гэж онцоллоо.
2013 оны нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний -6.8 хувьд хүрэхээр байгаа нь Төсвийн тухай хуулийн 34.1.2 зүйлийн “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн байна. Төсвийн тодотголыг хэлэлцэх явц одоогоор асуулт хариултаар үргэлжилж байна.


















