Төвийг сахих бодлогын талаар дахин судална
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэж, дөрвөн чиглэлээр энэ асуудлыг авч үзэн нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ. Энэ талаарх тодорхой үндэслэлүүдийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тайлбарлав.
Мэдээллийн алба

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэж, дөрвөн чиглэлээр энэ асуудлыг авч үзэн нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ. Энэ талаарх тодорхой үндэслэлүүдийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тайлбарлав.
Энэ хуулийн төсөлд “Байнга тѳвийг сахих гэж аливаа дайн, мѳргѳлдѳѳнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Олон улсын эрх зүйн талаас нь авч үзвэл байнга төвийг сахих гэдэг нь улс орнууд зэвсэгт мѳргѳлдѳѳн, дайнд нэрвэгдэх, татагдан орохоос сэргийлэн ѳѳрѳѳ санаачлан эсвэл гол тѳлѳв хѳрш зэргэлдээ орнуудтайгаа, мѳн нѳлѳѳ бүхий гүрнүүдтэй харилцан зѳвшилцѳж бодлого болгон хэрэгжүүлж, аюулгүй байдал, тусгаар тогтнол, хѳгжлийн баталгаагаа болгох арга юм. Судалгаанаас үзэхэд Австри, Ватикан, Коста Рика, Лихтенштэйн, Мальт, Туркменистан, Финланд, Швед, Швейцарь ийм статустайгаар явж иржээ. Үр дүн харилцан адилгүй байна. Эдгээр улсын тухайн үеийн оршин тогтнож байсан болон одоогийн геостратегийн нѳхцѳл байдал, байршил, зорилго, батлан хамгаалах чадвар Монголынхоос тэс ѳѳр. Тиймээс дараах үндэслэлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэж Н.Энхболд гишүүн онцлов.
Нэгдүгээрт, хуулийн тѳсѳлд ѳнѳѳдѳр хүчин тѳгѳлдѳр мѳрдѳгдѳж байгаа Үндэсний аюулгүй байдлын, Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтууд үндсэндээ ѳѳрчлѳлтгүйгээр зүйл, заалт болон тусгагдсан байна. Гэвч зарим шинжээч, судлаач, дипломатуудын үзэж буйгаар, хууль батлагдвал Үндсэн хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах, Хуурай замын дайны үед тѳвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын 5 дугаар конвенц, Тэнгисийн дайны үед тѳвийг сахисан улсын эрх, үүргийн тухай Гаагын 13 дугаар конвенц /эдгээр конвенц 1910 онд хүчин тѳгѳлдѳр болсон бѳгѳѳд үүнд ОХУ, БНХАУ зэрэг 37 улс оролцдог/-д нэгдэн орох шаардлагатай болох юм байна. Тиймээс батлан хамгаалах, гадаад бодлогын үзэл баримтлалд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах шаардлага гарах эсэхийг нарийвчлан судлах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, байнгын тѳвийг сахих бодлого баримталснаар Дэлхийн хамтын нийгэмлэг, түнш, хѳрш ойр орнуудын нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийг эрхэмлэсэн Монгол Улсын олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлого биднээс шалтгаалахгүйгээр хумигдах эрсдэл ѳндѳр гэсэн болгоомжлол мэргэжлийн дипломат, судлаачдын дунд байгааг тал талаас нь нухацтай тунгаан ярилцах хэрэгтэй байна.
Гуравдугаарт, Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл ОХУ, БНХАУ-тай тогтоосон найрамдалт, хамтын ажиллагаа байхыг бид нэгэнт хүлээн зѳвшѳѳрсѳн ба албан ёсны үзэл баримтлалаараа тунхагласан. Эдгээр хѳршүүдтэй харилцаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хѳгжүүлэхийг баталгаажуулсан. Хэдийгээр улсынхаа хѳгжлийн зам, зорилт, бодлогоо тодорхойлох нь манай бүрэн эрхийн хэрэг мѳн боловч бие биеэсээ асар их хамааралтай ѳнѳѳгийн ертѳнцѳд түншүүд, тэр тусмаа хѳрш орнууд бидний бодлого байр суурийг хэрхэн үнэлж, дүгнэж байгааг байнга анхаарч байх нь бодит шаардлага юм.
Дөрөвдүгээрт, Монгол Улс удаа дараагийн аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалуудаа олон талаас нь нухацтай ярилцаж, тѳрийн бүх институц, олон нийт, улстѳрчид үндсэндээ нэгдсэн ойлголт, байр суурьтай болж байж баталж ирсэн. Тийм ч учраас шинэхэн түүхийн хугацаанд язгуур эрх ашгаа хамгаалах гадаад харилцааны бодлого амжилттай хэрэгжиж ирсэн байдаг. Иймд байнгын тѳвийг сахих бодлогын зайлшгүй шаардлага, эерэг, сѳрѳг үр дагаврыг нарийвчлан судалж, сонирхогч бүх талын эргэлзээг тайлсны дараа нэгдсэн байр суурьтайгаар шийдэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Ѳнѳѳдѳр тийм нѳхцѳл бүрдээгүй байна. Судлах хэрэгтэй. Монголын нийгэм бүхэлдээ нэгдсэн ойлголтод хүрэх ёстой, нухацтай ярилцаж байж шийдэх хэрэгтэй гэж тэрбээр мэдээллээ.
Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэл мэдээллийн алба


















