Уэйн Рүүни жолоо барих эрхээ 2 жилээр хасууллаа
Английн шигшээ багийн ахлагч Уэйн Рүүни согтуугаар жолоо барьж, машин барих эрхээ 2 жилээр хасуулсан байна
Мэдээллийн алба

Английн шигшээ багийн ахлагч Уэйн Рүүни согтуугаар жолоо барьж, машин барих эрхээ 2 жилээр хасуулсан байна. Тэрээр Манчестер хотын ойролцоо явж байхдаа цагдаад шалгуулахад согтууруулах ундаа хэрэглэсэн нь илэрчээ. 31 настай Англи довтлогч Рүүни улмаар Стокпортын шүүхд гэм буруугаа хүлээж, өнөөдөр түүнд 2 жилээр машин барих эрхийг нь хассан тухайгаа мэдэгдсэн байна. Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Рүүний өнгөрсөн 9-р сард шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгдээд байгаа юм.
Рүүнигийн хувьд энэ улирлаас эхлэн “Эвертон” клубтэйгээ эргэн нэгдсэн. Түүний хувьд 1996 онд 11 насандаа “Эвертон”-ы хүүхдийн академид нэгдэж, 2002 оноос буюу 17 настайгаасаа “Эвертон” клубын үндсэн багт нэгдсэн. Улмаар “Эвертон”-д 3 улирлыг өнгөрүүлсэнийхээ дараа Английн алдарт “Манчестер Юнайтед” клубтэй нэгдэж, 2004 оноос өнгөрсөн 2017 оны улирал хүртэл нийт 14 улирал “Улаан Чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд тоглохдоо бүх тэмцээний хүрээнд албан ёсны 559 тоглолтод оролцож, 253 гоол оруулж байсан юм. Энэ амжилт нь түүнийг “Манчестер Юнайтед”-ын бүх цаг үеийн мэргэн бууч болгосон. Түүнчлэн Английн “Премьер лиг”-т 5 удаа, Лигийн цомд 3 удаа түрүүлж, ЕХХ-ны “Аваргуудын лиг”, “Европа лиг”, ОУХБХ-ны клубуудын ДАШТ-д тус тус нэг удаа түрүүлсэн юм. Мөн тэрээр Английн шигшээ багийн төлөө 119 тоглолтод оролцож, 53 гоол оруулсан ажилтаараа шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болсон билээ.


















