УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: “Амьдрал өдрөөс өдөрт улам бүр доройтоод байна шүү гэдгийг л иргэд хэлж байна”
“Ардын нам ард түмэнтэйгээ хамт'' аяны хүрээнд МАН-ын төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАН-ын Эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар Дорноговь аймгийн алслагдсан сум болох Хөвсгөл суманд ажиллаад, иргэдтэй уулзаад иржээ.
Мэдээллийн алба

Монголын ард түмэн Засгийн газрын шинэ бүтэц, ирэх оны төсвийн өнгө аяс, Н.Энхбаярын ээлжит дуулиант шийдлүүдийн гэрч болон намаржиж байна. УИХ дахь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэгч МАН-ын гишүүд, удирдлагууд 21 аймаг, 366 сумаар тойрон, ард түмэнтэйгээ нүүр тулах ажлыг эхлүүлсэн аж. Энэхүү аяныхаа эхний шанг Дорноговь аймагт татаж, алслагдсан сум, баг бүрт хүрч, иргэдийн үзэл бодол, санал шүүмжийг сонсож явна.
МАН 27 дугаар их хурлаараа хийсэн бүтцийн өөрчлөлтөөрөө Монгол Улсын 21 аймгийг бүсчлэн хувааж, бүс хариуцсан нарийн бичгийн дарга нарыг томилсон нь энэхүү “Ардын нам ард түмэнтэйгээ хамт’’ аяныг өндөр хэмжээнд зохион байгуулахад түлхэц өгсөн талаар гишүүд, дэмжигчид нь хэлж байна. Түүнчлэн олон жилийн турш эрх баригч намын үүрэг гүйцэтгэж, ард түмнээсээ тасраад байсан гэх шүүмжлэлд бодитойгоор хандан, хүлээн авч байгаагаа МАН-ын удирдлагууд илэрхийлсээр байна.
“Ардын нам ард түмэнтэйгээ хамт'' аяны хүрээнд МАН-ын төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАН-ын Эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар Дорноговь аймгийн алслагдсан сум болох Хөвсгөл суманд ажиллаад, иргэдтэй уулзаад иржээ.
Дорноговь аймгийн Хөвсгөл сум аймгийн төвөөсөө 170 км зайтай, дөрвөн багтай, 1478 хүн амтай, төвийн эрчим хүчинд холбогдсон, үүрэн телефон үйлчилгээ нэвтэрчээ. Мөн тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг юм байна. Тус сумын 90 жилийн ой энэ онд тохиосон учраас ойн хүрээнд багагүй асуудлуудаа шийдэж, бас ч үгүй цэгцэрсэн сумдын тоонд орох болсон гэнэ. Тус суманд ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас уулзалтын талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: “Амьдрал өдрөөс өдөрт улам бүр доройтоод байна шүү гэдгийг л иргэд хэлж байна”
-Та Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Говийн бүсэд ажиллахад ямар ялгаа гарч байна?
-Манай намын 27 дугаар их хурлаар гарсан шийдвэрээр намын бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилж, үйл ажиллагааг өөр түвшинд явуулах бодлогыг барьж ажиллаж байгаа юм. Ер нь ард түмний дунд “МАН ард иргэдээсээ хэтэрхий тасарчихаад байна” гэсэн шүүмжлэл яригдаад байдаг. Нэг талдаа энэ шүүмжлэлийг зөв зүйтэй шүүмжлэл байна гэж хүлээж авч байгаа юм. Тийм учраас намын шинэ бүтэц бүрэлдэхүүний хувьд ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэднийхээ дунд орж ажиллах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Тэгээд ард иргэдэд хүрч ажиллах ажлыг эхлүүллээ. Анхны аймаг нь Дорноговь байсан. Миний хувьд Дорноговь аймгийн Хөвсгөл гэж алслагдсан суманд очиж уулзалт хийгээд ирсэн.
Урьд нь бүсийн нарийн бичгийн дарга нарийн бүсчилсэн уулзалт хийж байхад өөр дуу хоолой, өөр өнгө төрх ирээд иргэдтэй уулзах нь ард иргэдэд сонин байдаг юм шиг байна лээ. Тэр ч утгаараа Монгол Улсынхаа урд хил дээр, алслагдсан сум, тэр сумаасаа сонгогдоогүй, тэр дундаа хангайн хүн очоод уулзалт, ярилцлага өрнүүлэхэд тэдэнд маань сонин байсан байх. Надад ч гэсэн сонин сайхан санагдсан.
-Иргэд юу ярьж, юунд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна?
-Иргэдийн хувьд хот, хөдөөгүй нэг л зүйлд ихээхэн бухимдаж байна. Бидний амьдрал өдрөөс өдөрт улам бүр доройтоод байна шүү гэдгийг л хэлж байна. Хаана ч очсон “Бид олж байгаа орлогоороо өдөр тутмынхаа амьдралыг залгуулахад хүндрэлтэй болчихлоо шүү” гэдгийг хэлж байна. Судалгааны байгууллагуудаас тоон үзүүлэлт бүхий мэдээллүүд гаргаж байгаа шүү дээ. Энэ мэдээллээс өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэдэг нь тодорхой болчихсон. Гэтэл эрх баригчид өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй, бодит орлогоороо амьдраад явах бололцоотой байгаа гэж үзээд байгаа. Гэвч яг бодит амьдрал дээр байдал арай л өөр байгаа л даа. Цагаан будаагаар жишээ аваад ярихад 2012 онд 1200, 1300 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 2600 төгрөгийн үнэтэй болчихсон байгаа шүү дээ. Гэтэл хувь хүний, айл гэрийн орлого нэмэгдээгүй. Тэгэхээр 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хөгшин өнөөдөр 360 мянган төгрөгийн тэтгэвэртэй болоогүй нөхцөлд худалдан авах чадварт нь үнийн өсөлт шууд нөлөөлчихсөн байна гэсэн үг л дээ.
-Тэгвэл иргэд Засгийн газартай хариуцлага тооцох асуудалд хэрхэн хандаж байна. Засаг солигдлоо гээд амьдрал дээшилнэ гэж тэд харж байна гэж үү?
-Ер нь бол Шинэчлэлийн Засгийн газарт ард иргэд ихээхэн горьдлого тээж хүлээж байсан байх. Гэтэл хоёр жил нүдээ ширгэтэл хүлээлээ шүү дээ. Амьдрал ахуйгаа сайжруулна, сайжирна гэж хүлээлээ. Жилийн өмнө МАН Засгийн газартай хариуцлага тооцох талаар ярихад иргэд өмөөрч байсан. Бас нэг хүн гарч ирээд, юм хийх гээд оролдоод байхад та нар болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг шүүмжлэлийг ярьж байна гэж бидэнд шүүмжлэлтэй хандаж байсан. Харин өнөөдрийн хувьд бүх зүйл өөр болчихсон байна. Нөгөө горьдлого тээж байсан хүмүүсийн чинь найдлага нь тасраад эхэлчихсэн байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд иргэд маань тодорхой хэмжээний хуримтлал үүсгэчихсэн байсан. Тэр хуримтлалаараа өнөөдрийг болтол амьдрал ахуйгаа аваад яваад ирчихсэн. Тэгээд өнөөдөр тэр хуримтлал нь дуусаад ирэхээр амьдрал улам бүр хүндрээд ирж байна. Айл гэр байтугай улсын өөрийн хуримтлал дуусчихаад байна шүү дээ. Өнөөдөр хөрөнгө оруулалтынхаа санхүүжилтийг олгож чадахаа байчихлаа. Энэ 10 сард цалингаа бүтэн тавьж чадахгүйд хүрэх дээр яригдаад эхэлсэн байна. Энэ маань юуг хэлээд байна гэхээр улс орны хуримтлагдсан жаахан нөөц дуусчихлаа. Тийм учраас энэ Шинэчлэлийн Засгийн газартай хариуцлага тооцъё гэдэг МАН-ын саналыг хэтэрхий АН-даа үнэнч үзэл баримтлалтай хүмүүс л эсэргүүцэж байгаа болохоос биш нийт ард иргэдийн хувьд хариуцлага тооцох нь зөв зүйтэй алхам, цаашдаа энэ байдлаараа улс орон маань явахгүй нь гэдэг дээр санал нэгдчихсэн байна.
-Магадгүй хэт улстөржсөн байдлаас үүдэлтэй Засгийн газрыг унагаах гээд байгаагаар харах хүмүүс бий. Орон нутагт улстөржилт хэр байна?
-Би 10 гаруй жил орон нутагт ажилласан, орон нутгаасаа сонгогдсон гишүүн. Ер нь сум орон нутагт улс төржилт маш их байдаг шүү дээ. Аймгийн төв харьцангуй гайгүй байдаг ч суманд бол хэрээс хэтэрсэн байх нь элбэг. Найз нөхөд, ах дүү, гэр бүлийн хооронд улс төржсөнөөс болж хоорондоо муудалцдаг, хэрэлддэг, бүр зодолдох дээрээ тулдаг асуудал байдаг. Сая Хөвсгөл суманд очиж уулзалт хийхэд цав цагаан толгойтой хоёр буурай оролцсон юм. Нэг нь МАН-ыг яриад нөгөө нь АН-ыг ярьсан юм л даа. Тэгээд энэ хоёр өөр намын үзэл баримтлалаасаа болоод бид хоёр гэр бүл салах дээрээ тулаад байна гэдгээ хэлж байгаа юм. Гэтэл олон жил ханилж, зовлон жаргалаа хуваалцаж, өдий хүрсэн хоёр буурайгийн хувьд тийм зүйл ярихад хүргэж байна гэдэг улстөржилт орон нутагт ямар байна вэ гэдгийг харуулж байгаа юм.
-Хөвсгөл сумын хөгжлийн чиг хандлага, онцлог нь юу байдаг юм бэ?
-Хөвсгөл нь Дорноговь аймгийн хамгийн жижиг сум юм байна лээ. Хүн амынхаа тоогоор доороосоо хоёрт ордог гэнэ. Тиймээс ч төрийн байгууллагын үйл ажиллагаан дээрээ л суурилан оршин тогтнодог юм байна лээ. Мэдээж мал аж ахуйгаа эрхэлдэг, ямар нэг уул уурхай, төмөр зам дагасан хөгжил тэнд байхгүй. Энэ онд тус сумын 90 жилийн ой тохиосон учраас жижиг сум гэхэд боломжийн хэмжээнд асуудлуудаа шийдээд өнгө зассан гэж нутгийн иргэд хэлж байсан.
-Ярилцсан баярлалаа.
Тэмдэглэсэн: Э.Болор

.jpg)
.jpg)
























