Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ

ЭХ
Эрчим хүчний яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ
Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр нар өчигдөр Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжингийн 7-р гудамж болон “Улаан хуаран Гарден ресиденс” хотхонд  ажиллаж, ухаалаг тоолуур суурилуулах төслийн хэрэгжилт, явц байдалтай биечлэн танилцлаа.

Анх 2023 онд  техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж, салбарын яаманд танилцуулснаар эхлүүлж байсан уг төслийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 93 хувьд хүрээд байна. 2024 онд төслийн нэгдүгээр шатыг эхлүүлснээр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 129,262 ширхэг ухаалаг тоолуур, 1,714 ширхэг өгөгдөл цуглуулах төхөөрөмж (концентратор) тус тус суурилуулсан бол 2025 онд хоёрдугаар шатанд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Налайх, Зуунмод, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвд нийт 151,219 ширхэг ухаалаг тоолуур, 2,051 ширхэг концентратор тус тус суурилуулжээ. Төслийн сүүлийн үе шатанд  202,646  тоолуурыг шинэчлэн  суурилуулах ажил  энэ онд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар ухаалаг тоолуурыг 39,865 мянга аж ахуйн нэгж буюу 80.3 хувь, 185,501 гэр хорооллын айл өрх буюу 96.3 хувь,  284,154 орон сууцны айл  өрх буюу 94.4 хувьд ухаалаг тоолуур суурилуулсан.

Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд нийтдээ 509, 520 тоолуур суурилуулснаар 320 ажлын байр хэмнэж, түгээлтийн алдагдлыг 13.66 хувиас 9.5 хувь хүртэл бууруулсан бодит үр дүн гарчээ. Ухаалаг тоолуур нь хэрэглэгчийн хүсэлтээр цахилгаан эрчим хүчийг түр салгах, сэргээх үйлчилгээг зайнаас шуурхай гүйцэтгэх боломжтой бөгөөд мэдээллийг өдрөөр болон сараар нь хадгалдаг тул хэрэглэгчийн зүгээс цахим үйлчилгээний системwww.my.tog.mnбуюу цахилгаан хэрэглэгч аппликэйшныг ашиглан хэрэглээгээ хянах давуу талтай юм. Түүнчлэн хүчдэл хэлбэлзэх, хэрэглэгчийн кабель шугам, тоног төхөөрөмжид гэмтэл үүссэн нөхцөлд цахилгаан хэлхээнээс автоматаар салгагддаг тул иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэх аюулыг бодитоор бууруулна.

Мөн өглөө, өдөр, шөнийн хэрэглээг ялгавартай тооцдог тул тарифын хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжтой бөгөөд тоолуурын заалтыг алсын зайнаас хүний оролцоогүйгээр татаж, найман жилд нэг удаа баталгаажуулснаар хэрэглэгчийн цаг завыг хэмнэх боломж бүрджээ.

Ухаалаг эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлж хэрэглэгчдэд илүү хялбар, хэмнэлтийг бий болгоход ухаалаг тоолуур суурилуулалт онцгой чухал бөгөөдwww.mytog.mnбуюу “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшныг тогтмол хэрэглэж хэвшихийг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс иргэдэд уриаллаа. Уг аппликэйшинд иргэд хэрэглэгчийн кодоороо нэвтэрч, холбогдох бүх үйлчилгээ, мэдээллийг цахимаар авах боломжтой. Салбарын сайдын зүгээс төслийг богино хугацаанд шуурхай хэрэгжүүлж, зорилтот хэрэглэгчдийнхээ 93.8 хувьд хүрч ажиллаж, ухаалаг тоолуураа суурилуулсан УБЦТС ТӨХК-ийн хамт олонд баяр хүргэж,  айл өрх, албан байгууллага бүр ухаалаг тоолууртай болсноор ухаалаг систем бүрдэн зардал багасч, алдагдал буурахаас гадна эрчим хүчээ хэмнэх хамгийн чухал ач холбогдолтойг онцоллоо.

Хуваалцах