"Үндэсний бичиг үсгийн баяр - 2019"- ын хэвлэлийн бага хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны 5 дугаар сарын 03-наас 08-
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны 5 дугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/253 дугаар тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг, орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагуудтай хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ жил улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран хийнэ.
Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээг орон даяар зохион явуулахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг – Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах” ажлыг зохион байгуулж байна.
Мөн Монгол бичгийн нийгэмлэгээс Үндэсний бичгээр улирал тутам гардаг “Уламжлал” сэтгүүлийн 2 дугаар улирлын дугаарыг “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээнд зориулан гаргаж, уншигчдын хүртээл болгоно.
Тэгвэл өнөөдөр Соёл, урлагийн газарт "Үндэсний бичиг үсгийн баяр - 2019" арга хэмжээг олон нийтэд мэдээлэх зорилготой хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.
Хэвлэлийн бага хуралд:
- ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат
- ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул
- Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам
- Үндэсний номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, Ц.Батдорж
- МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс
- “Бичиг, соёл, боловсрол төвийн тэргүүн Д.Ганбаатар нар оролцлоо.


















